УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд (2026.02.06) Япон Улсын Газар, дэд бүтэц, зам тээвэр, аялал жуулчлалын дэд сайд Сакаи Ясүюүкитэй уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр талууд Монгол, Японы хамтын ажиллагаа, найрамдлын бэлгэ тэмдэг болсон “Чингис хаан” олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа, менежмент, аюулгүй ажиллагаа, үйлчилгээний чанарыг цаашид сайжруулах, олон улсын стандарт, дэвшилтэт туршлагыг нэвтрүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Зам, тээврийн сайдын хувьд иргэний нисэхийн салбарын дэд бүтэц, зорчигч тээврийн үйлчилгээг сайжруулах, шинэ нисэх онгоцны буудлыг өргөтгөх ажилтай уялдуулан нисэхээс ирэх буцах зорчигчдыг LRT буюу хөнгөн галт тэргээр тээвэрлэх хүсэлтийг хамтран шийдвэрлэх саналыг дэвшүүллээ.

Тэрээр энэхүү дэд бүтцийн холболт нь нисэх онгоцны буудлаар үйлчлүүлэгчдийн хувьд ч тохь тухтай бөгөөд аюулгүй, зорчигчдын хувьд эдийн засаг, цаг хугацааг хэмнэсэн үр ашигтай үйлчилгээ байх болно гэдгийг тодотголоо. Иймд “Чингис хаан” нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг илүү сайжруулах чиглэлд нисэх буудлын өргөтгөлийн ажилтай уялдуулан LRT буюу нийтийн тээврийн асуудалд анхаарал хандуулж дэмжиж ажиллахыг хүслээ.

Хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, эдийн засгийн тэргүүлэх салбаруудад идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.

МӨН, (2026.02.05) “Ханеда нисэх буудлын Ерөнхий захирал Казухито Танакатай уулзлаа.
Уулзалтаар талууд Монгол Япон хоёр улсын хамтарсан том төсөл болох “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг илүү өргөжүүлэх, үйлчилгээг нь илүү сайжруулах хүрээнд нисэх буудлын менежмент, зорчигчийн үйлчилгээ, дэд бүтцийн уялдааг холбоог сайжруулах чиглэлээр туршлага мэдээлэл солилцож, хамтран хэрэгжүүлэх боломжтой төслүүдийг хэлэлцэж, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөл баригдах үед менежментийн зарим чиг үүрэгт хамтран ажиллаж, “Ханэда”-гийн туршлагыг илүү нутагшуулах чиглэлд хамтран ажиллах саналыг дэвшүүллээ.

Уулзалтын төгсгөлд, Ханеда нисэх буудлын Ерөнхий захирал Казухито Танака цаашид хоёр улсын тээврийн салбарын үйл ажиллагааг өргөжүүлэх, харилцан ашигтай чиглэлд хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд идэвхтэй анхаарч ажиллахаа илэрхийллээ.