Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Өмнөговь аймгийн Даланзадгад суманд зохион байгуулагдаж буй “Түмэн тэмээний баяр-2026” олон улсын арга хэмжээний хүрээнд Байлдааны гавьяаны улаан тугийн болон Байлдааны гавьяаны одонт Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга энэ сарын 07-ны өдөр Зэвсэгт хүчний 167 дугаар ангид уран бүтээлийн тоглолтоо толилууллаа.
Тоглолтыг тус ангийн нийт бие бүрэлдэхүүн болон тэдний гэр бүлийнхэн өргөнөөр үзэж сонирхсон бөгөөд эх оронч үзэл, цэргийн албаны нэр төр, бахархлыг илэрхийлсэн дуу, бүжиг, хөгжмийн шилмэл бүтээлүүдийг нэгэн дороос хүлээн авсан онцлог үйл явдал боллоо.
Тоглолтын нээлтийн үеэр Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын дарга-Соёлын төв өргөөний ерөнхий менежер, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, хурандаа Г.Золзаяа үг хэлж, чуулгын үүсэл хөгжил, түүхэн замнал, соёл, урлагийн салбарт гүйцэтгэж ирсэн үүрэг, оруулж буй бодит хувь нэмрийн талаар дэлгэрэнгүй танилцуулахын зэрэгцээ энэ үеэр Зэвсэгт хүчний 167 дугаар ангид хүндэтгэл илэрхийлж, дурсгалын зүйлийг тус ангийн захирагч, хурандаа Х.Лхагвадоржид гардуулан өглөө.
Энэхүү уран бүтээлийн тоглолт нь нийт гурван хэсгээс бүрдсэн бөгөөд эхний хэсэгт орон нутгийн зон олонд зориулан эх орон, тусгаар тогтнол, ард түмний эв нэгдэл, бахархлыг магтан дуулсан уянгалаг дуу, уран бүтээлүүдийг толилуулж, үзэгчдийн сэтгэлийг догдлуулсан бол хоёр дахь хэсэгт Халхын голын байлдаан, Чөлөөлөх дайны түүхэн үйл явдлуудыг уран сайхны аргаар өгүүлэн, эх орныхоо төлөө амь биеэ үл хайрлан тэмцсэн баатарлаг дайчдын алдар гавьяа, ялалтын цуурайг дуу, бүжиг, хөгжмийн нэгдмэл илэрхийллээр хүргэж, үзэгч олны гүн хүндэтгэлийг төрүүлсэн юм.
Түүнчлэн тоглолтын гурав дахь хэсэгт Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид үндэсний болон цэргийн сэдэвт шилмэл бүтээлүүд, авьяас чадвар, тайзны соёлыг бүрэн илтгэсэн тоглолтоо толилуулж, цэргийн алба хаагчид болон тэдний гэр бүлийнхэнд соёл, урлагийн өндөр мэдрэмж, эх оронч үзлийн гүн утга агуулгыг мэдрүүлж чадлаа.
