
Өвлийн аялал жуулчлалын хамгийн том арга хэмжээ болох “Түмэн тэмээний баяр” 29 дахь жилдээ Өмнөговь аймгийн Даланзадгад хотод хоёрдугаар сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Монгол Улсын тэмээний тоо толгой 20 жилийн өмнө 254 мянга байсан бол 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ.
Хоёр бөхт тэмээг өсгөн үржүүлэх, уламжлалт маллагаа, зан үйл, соёлыг өвлүүлэн хадгалах, тэмээн соёл, спортыг хөгжүүлэх зорилготой “Түмэн тэмээний баяр”-ын арга хэмжээг анх 1997 онд Өмнөговь аймгийн Сэврэй суманд зохион байгуулсан түүхтэй.

Тэмээний баяр нь тэмээн соёл, өв уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, орон нутгийн аялал жуулчлалыг дэмжих, малчдын оролцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
29 дахь удаагийн “Түмэн тэмээний баяр”-т дөрвөн аймгийн 60 гаруй сумын тэмээчид 1000 гаруй тэмээтэй оролцож байна.




Тэмээний баярыг үзэхээр нийт 8000 орчим хүн ирснээс 200 гаруй нь гадаадын жуулчид гэдгийг зохион байгуулагчид мэдээллээ.
Монголын уламжлалт өв соёлыг дэлхийд таниулсан “Түмэн тэмээний баяр – 2026” арга хэмжээний нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөх, аймгийн Засаг дарга Н.Энхбат нар оролцов.

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат баярын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ
“1997 оноос эхлэлтэй “Түмэн тэмээний баяр” жилээс жилд өргөжиж тэмээчид, гадаад, дотоодын олон жуулчдын хүссэн хүлээдэг, зорин ирдэг өвлийн аялал жуулчлалын томоохон эвэнт болж өргөжиж байна. Тэмээгээ өсгөх чиглэлээр тэмээ хамгаалах сан, ботгоны мөнгөн урамшуулал, гиннесийн Дэлхийн дээд амжилт тогтоох 1108 тэмээний уралдаан зэрэг бодлогын арга хэмжээнүүдийг авч тэмээн сүргээ өсгөж үржүүлэхэд анхаарч ажилласны үр дүнд 2025 онд Өмнөговьчууд хамгийн олон тэмээ буюу 155900 тэмээ тоолуулж улсдаа тэргүүлэхийн зэрэгцээ “Тэмээ судлалын төв” байгуулж анхдагч болж амжилт ололт дүүрэн тэмээний баяраа угтаж байна” гээд өргөн уудам газар нутгийнхаа эзэн нь болж дэлхийд ховордсон тэмээн сүргээ өсгөн үржүүлж, дахин давтагдашгүй өв соёлоо түгээн дэлгэрүүлж яваа аймгийнхаа малчид, ард иргэддээ талархлаа илэрхийллээ.

Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөхөөс “Түмэн тэмээний баяр”-ын ач холбогдлын талаар тодруулга мэдээлэл авав.
Тэрбээр “Говийн ард түмэн бидний уламжлалт ахуй, аж амьдрал, соёлын салшгүй нэг хэсэг болсон тэмээ нь мах, сүү, ноос, арьс ширийн ашиг шимээрээ хүнсний аюулгүй байдлыг хангах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих бодит эх үүсвэр болсоор ирсэн билээ.

Түүнчлэн тэмээтэй холбоотой аялал жуулчлал, соёлын өв, брэнд бүтээгдэхүүнүүд нь говийн онцлогийг илэрхийлсэн, бүс нутгийн эдийн засгийг тэлэх, ажлын байр нэмэгдүүлэх чухал боломж болж байна.
Иймээс говийн бүс нутгийн тогтвортой хөгжилд тэмээний аж ахуйн ач холбогдлыг бодлогоор дэмжиж, тэмээгээ хайрлан хамгаалж, өсгөн үржүүлж, ашиг шимийг нь нэмэгдүүлэн, уламжлалт мал аж ахуйг орчин үеийн хөгжил, шинжлэх ухаан, технологийн шийдэлтэй уялдуулан хөгжүүлэх нь бидний хамтын үүрэг, хариуцлага юм.
Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал цаашид тэмээний аж ахуй,түүнтэй холбоотой үйлдвэрлэл, аялал жуулчлалыг дэмжих бодлого, шийдвэрүүдийг тууштай хэрэгжүүлэх мөн говийн брэндийг дэлхийд таниулахын төлөө ажиллаж байна” гэдгийг онцлов.
“Түмэн тэмээний баяр –2026” өвлийн эвэнт Монголын хамгийн өндөр тэмээг дэргэдээс нь харах боломжийг иргэд, зочдод олгож байна.
Монголын хамгийн өндөр тэмээ нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын малчин Х.Оргодолын тэмээн сүргийн нэг билээ. Тус тэмээ нь Галбын говийн улаан үүлдрийн, 3,6 метрийн өндөртэй, 24 настай атан тэмээ юм.

“Түмэн тэмээний баяр” нь Монгол Улсад зохион байгуулагддаг тэмээтэй холбоотой хамгийн том, хамгийн өргөн цар хүрээтэй соёл-аялал жуулчлалын арга хэмжээ бөгөөд тэмээчдийн уламжлалт ахуй, нүүдэлчдийн өв соёлыг хадгалан хамгаалж, дэлхий нийтэд сурталчлан таниулж буй онцгой үйл явдал юм. Энэхүү баярыг олон улсын түвшинд зохион байгуулж байгаа нь Монгол орныг гадаад, дотоодын жуулчдад таниулах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж байна.
Тэмээний баяр нь нэн эртнээс уламжлагдан ирсэн Монгол нүүдэлчдийн тэмээтэй харьцах арга ухаан, зан заншил, соёлын өвийг олон нийтэд түгээж, тэмээ маллагааны онцлог, тэмээчдийн ур чадвар, тэсвэр хатуужлыг дэлхий дахинд сурталчлан таниулдгаараа онцлог юм.
“Түмэн тэмээний баяр”-ын арга хэмжээний хүрээнд:
-5 насны ангилалд: АТАН, ШИЛБЭН, ТАЙЛАГ, БОГИНО ЗАЙН УРАЛДААН, ТОРОМ буюу хоёр настай тэмээний уралдаан,
-“Тэмээн поло” тэмцээн,
-“Түмэн тэмээний баяр” гэрэл зургийн үзэсгэлэн,
– Үндэсний дээл хувцас, тэмээгээрээ гоёсон “Тэмээтэй сайхан хос”-ын шалгаруулалт,
-Ингэний айрагны баяр,
-Ингэний сүү цагаан идээ, тэмээний ноос ноосон бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын үзэсгэлэн худалдаа
-“Говийн амт” хоолны өдөрлөг
-4×500 метрийн зайд пайз дамжуулах тэмээтэй буухиа уралдаан,
-Тэмээчид, малчдын авхаалж самбааг сорьсон “Тэмээтэй буухиа тэмцээн”,
-Шилмэл буур, ингэ шалгаруулах тэмцээн,
-Шилмэл буур, ингэ болон хурдан тэмээний дуудлага худалдаа
-“Мөсөн сурын харваа” УАШ
-“Тэмээ судлал ба хөрөнгө оруулалт” бизнес форум болж байна.



“Түмэн тэмээний баяр-2026” арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж тэмцээний дүн 2-р сарын 7-ны өдрийн байдлаар:
Богино зайн хурдан тэмээний уралдаан:
– Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ААУ Ш.Ням-Осорын хар түрүүллээ.
-Аман хүзүүнд Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын ААУ С.Түвшинбаярын хүрэн
-Айргийн гуравт Өмнөговь аймгийн Сэврэй сумын ААУ Г.Орхончулууны улаан
-Айргийн дөрөвт Өмнөговь аймгийн Баяндалай сумын МУАУ М.Мөнхбаяны Монгол шар
-Айргийн тавд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ААУ Н.Гантулгын улаан
Шилбэн тайлаг тэмээний уралдаан:
-Баянхонгор аймгийн Баянлиг сумын МУАУ С.Галтын Шар тайлаг түрүүллээ
-Аман хүзүүнд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ААУ А.Батзаяагийн Цахилгаан улаан
-Айргийн гуравт Дорноговь аймгийн Сайхандулаан сумын САУ У.Отгонсүхийн Халтар
-Айргийн дөрөвт Баянхонгор аймгийн Баянлиг сумын САУ Д.Бөхчулууны Бор
-Айргийн тавд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын САУ Э.Ганжигүүрийн Шар тайлаг хурдалж хурсан олныг баясгалаа.


Ингэний айрагны баярын “Өсөлттэй-Өмнөговь-Нутгийн үйлдвэрлэгч” үзэсгэлэн худалдаанаас ингэний сүү, цагаан идээ, тэмээний ноос, ноосон бүтээгдэхүүн, орон нутгийн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнүүдийг борлуулах, худалдан авах боломжтой.
Улсын аварга шалгаруулах “Мөсөн сурын харваа – 2026” тэмцээнд 250 гаруй мөсний сурын харваачид 14 багт хуваагдан оролцож байгаагаас гадна БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орноос 1 баг, Америкийн Нэгдсэн Улсаас 1 харваач хүрэлцэн ирж, оролцож байна.
“Тэмээ судлал – хөрөнгө оруулалт” бизнес форумд Монгол Улсын төрийн болон хувийн хэвшил, судалгаа шинжилгээний байгууллагын төлөөлөл, малчид иргэд, БНХАУ-ын ӨМӨЗО-ын тэмээ судлаач эрдэмтэд, мэргэжилтнүүд оролцож, тэмээний аж ахуй, бүтээгдэхүүн, шинжлэх ухаан, инновац, хөрөнгө оруулалтын чиглэлээр олон улсын туршлага, судалгааны үр дүнг харилцан солилцлоо.



