
Өвлийн олимпын XXV наадам 2026 оны 02 дугаар сарын 06-22-ны өдрүүдэд Итали улсын Милан, Предаццо, Ливиньо, Кортина д’Ампеццо хотуудад зохион байгуулагдаж, 92 улсын 3000 гаруй тамирчин 16 спортын төрлийн 116 багц медалийн төлөө өрсөлдөн оролцож байна. Монгол Улсаа төлөөлж Миланы наадамд уулын цанын төрөлд А.Ариунбат, гүйлтийн цанаар Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй багийг оролцуулж байна. Анх удаа уулын цанын спортын төрлөөр олимпын эрх авсан.
Дэлхийн загварын нийслэл Милан хотноо олимпын наадмын нээлтэд өмсөх 17 улсын баг тамирчдын хувцсыг урьдчилсан сонгон шалгаруулахад Монголын багийн хувцас шалгаран тэнцэж загварын ёслолд оролцлоо. Миланы олимпод Монгол Улсын үндэсний брэнд “Гоёл кашмер” үйлдвэрийн бүтээгдэхүүн дэлхийд алдартай компанийн хувцастай өрсөлдөв. Монгол Улсын өвлийн олимпын багийн дээл, хувцас нь өөрийн орны үндэсний онцлог, соёл, дизайныг шингээн, наадмын нээлтийн үеэр хэдэн сая хүнд хүрч танигдах сурталчилгааны чухал ажил боллоо. Төрөөс өвлийн өвлийн спортыг хөгжүүлэхэд бодлогоор дэмжин олимпын наадамд оролцоход дэмжлэг үзүүлэн цана, шорт трейк, биатлоны төрөлд нийтдээ 20 тамирчныг бэлтгэн цалинжуулж, цугларалт, хэрэглэл материал, хувцас, гадаад явах тэмцээний зардлыг санхүүжүүлсэн.
Наадамд оролцож буй ОУХМ Б.Ачбадрах нь 2026 оны 02 дугаар сарын 08-ны өдөр эрэгтэйчүүдийн скиатлоны төрөлд (10км сонгомол+10км тэшилт) 38 орны 75 тамирчинтай уралдан, 53 мин 06.2 сек амжилт үзүүлэн 55 дугаар байрт шалгарсан түүхэн амжилт гаргалаа. Тэрээр 2018 оны Пенчёны Олимпод 93-р байр, 2022 оны Бээжингийн олимпын 2 ангилалд уралдан 65, 77 дугаар байрт шалгарч байсан бол энэ удаа өмнөх амжилтаа ахиулж 1980 оноос хойш анх удаагаа Монгол тамирчин олимпод 55 дугаар байрт шалгарлаа.


Энэ олимпын наадамд анх удаагаа цанын тос тохируулгын дасгалжуулагчийг Швейцарь улсаас урьж ажиллуулан С.Марино багш нь тамирчдын цаныг тосолж, хурдыг нэмэгдүүлэх, биед ирэх ачааллыг бууруулах, спортын амжилтыг ахиулахад дэмжлэг үзүүлэн Монголын баг тамирчидтай хамт ажиллаж байна. Мөн спортын анагаах ухааны төвийн эмч Б.Цэрэнлхам нь олимпын наадамд оролцож буй тамирчидтай ажиллаж, эмнэлгийн үйлчилгээг явуулан , гэмтэл бэртлээс урьдчилан сэргийлэх болон анхан шатны тусламжийг үзүүлж байна.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам нь Предаццо дахь тамирчдын тосгоноор орж наадамд орж буй цанын тамирчидтай уулзан, тамирчдын бэлтгэл сургалтын ажилтай газар дээр нь танилцан, Б.Ачбадрахын оролцсон скиатлоны 20 км зайн уралдааныг үзэж сонирхон дэмжиж, цаашид орох 2 тэмцээний зай төрөлд амжилт гаргахыг хүслээ. Сайд Ч. Ундрамыг дагалдан Итали дахь Монголын ЭСЯ, МҮОХ, Монголын цанын холбооны удирдлага, албаны хүмүүс, хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөгчид хамтран ажиллав.