“Шинжан шинфан”-ны гомдлоор УИХ-ын гишүүн Б.Пунсалмаагийн нөхөр, УИХ-ын гишүүн БХБ сайд Э.Бат-Амгалангийн дүү Э.Батбаярыг  шалгаж эхэллээ

БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинжан Шинфа” компанийн хөрөнгийг хууль бусаар завшсан байж болзошгүй хэрэгт УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалантай хамаарал бүхий этгээдүүдийг холбогдуулан хуулийн байгууллагаас дахин шалгалт эхлүүлсэн байна. Энэхүү асуудлыг “НУУЦ МАТЕРИАЛУУД” нэвтрүүлгээр олон нийтэд ил болгосны дараа УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Манай компанийн оролцоотойгоор Монгол Улсад 840 км авто зам баригдсан нь үнэн. Олон арван компани, хэдэн мянган хүний хөдөлмөр шингэсэн ажлыг үл тоон, зөвхөн саар талыг нь надад тохож байгаа нь зохисгүй. Холбогдох байгууллагууд бодит тайлбар өгнө гэдэгт итгэж байна” хэмээн мэдэгдсэн байна.

Сонгуулийн санхүүжилтэд ашигласан байж болзошгүй юу?

Нэр бүхий этгээдүүд цагдаагийн байгууллагад гаргасан гомдолдоо “Хос Мөнгөн Зам” ХХК-ийг хууль ёсоор төлөөлөх эрхгүй хүн бусад хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлын эрх мэдэлд халдаж, хуурамч бичиг баримт бүрдүүлэн компанийн нэр дээр төгрөгийн болон ам.долларын данс нээлгэж, улмаар их хэмжээний мөнгийг татан төвлөрүүлж, дур мэдэн зарцуулснаар компанид ноцтой хохирол учруулсан” хэмээн дурдсан байна. Мөн энэхүү хууль бус мөнгөн гүйлгээгээр зарим улс төрийн этгээдүүдийн сонгуулийн үйл ажиллагааг санхүүжүүлсэн байж болзошгүй гэх агуулга гомдолд багтжээ. Гэсэн ч уг хэрэг өмнө нь мөрдөн шалгах шатанд удаа дараа хэрэгсэхгүй болж байсан аж.

Дахин шалгагдаж эхэлсэн хэрэг

Эх сурвалжуудын мэдээлснээр уг гомдолд дурдагдсан хүмүүс нь УИХ-ын гишүүн Б.Пунсалмаагийн нөхөр Р.Батбаяр, сайд Э.Бат-Амгалангийн төрсөн дүү Э.Батбаяр нар бөгөөд тэд хамтарсан бизнесийн харилцаатай аж. Цагдаагийн байгууллагаас хуурамч данс нээж, их хэмжээний мөнгийг төвлөрүүлсэн гэх гомдлын дагуу тэднийг хамтатган шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, уг хэргийг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст дахин сэргээн шалгаж байгаа аж.

Хэрэг яагаад прокурорт шилжээгүй вэ?

Эх сурвалжуудын өгүүлснээр уг хэрэг удаан хугацаанд прокурорын шатанд шилжээгүй нь Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга Ц.Ням-Очир сайд Э.Бат-Амгалантай хамаатан садангийн холбоотой байсантай холбоотой гэх хардлагыг дагуулж байна. Энэ хамаарал нөлөөлж, хэргийг өмнө нь хааж ирсэн байж болзошгүй талаар ч яригдаж эхэлжээ.

Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх үү?

Ирэх хаврын чуулганаар зарим УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах асуудал яригдаж болзошгүй тухай мэдээлэл улс төрийн хүрээнд эртнээс хөвөрч буй. Энэхүү жагсаалтад УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа, сайд Э.Бат-Амгалан нарын нэр дурдагдаж байгаа бөгөөд тэдний хамаарал бүхий этгээдүүдийн үйлдлээс улбаалсан залилангийн хэрэг бодитоор шалгагдах эсэх нь олны анхаарлын төвд байна.