Сургуулийн орчин дахь үе тэнгийнхний дээрэлхэлт орчин үед технологийн хөгжлийг даган цахим орчинд шилжихдээ эрүүгийн гэмт хэргийн шинжтэй болж буй. Энэ нь зөвхөн Монгол Улсад биш, дэлхийн олон оронд тулгамдсан асуудал болоод байгаа юм. Өмнө нь сургууль болон гэр бүлийн орчинд дээрэлхэлт явагдахад буруутай этгээд нь олддог байсан бол одоо цахим хэлбэрт шилжсэнээр эзэн холбогдогч нь тодорхойгүй, далд хэлбэрээр үйлдэгдэх болсон.

Олон улсын түвшинд 266 мянган хүүхдийг хамруулан хийсэн 42 удаагийн судалгааны үр дүнгээс харахад, өсвөр насны хүүхдүүдийн 32.1 хувь нь ядаж нэг удаа амиа хорлох оролдлого хийсэн байдаг нь тогтоогдсон.

Иймд сургуулийн болон цахим орчинд үйлдэгдэх үе тэнгийнхний дээрэлхэлт, бөөрөлхөлт, бэлгийн хүчирхийллийн эсрэг нэг удаагийн аян биш урт хугацаанд үргэлжлэх үндэсний хөтөлбөр санаачлан хэрэгжүүлэх Боловсролын яамны санаачилгыг нийгмийн идэвхтэй, нөлөөлөгч залуус дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

Энэ хүрээнд юуны өмнө Нийгмийн сүлжээнд 16 хүртэлх насны хүүхдийн оролцоог зохицуулах хуулийн төслийг боловсруулан, холбогдох яамдаас санал авахаар хүргүүлээд байгаа бөгөөд УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх; хоёрдугаарт, “Аюулгүйн сүлжээ” үндэсний платформыг бий болгох; гуравдугаарт, гэмт хэргийн хохирогч болохгүй байх мэдлэг олгох агуулгыг сургалтын хөтөлбөрт тусгах, дөрөвдүгээрт, эцэг, эхчүүдийн оролцоотой “Е-policy” ажиллуулах талаар талууд санал нэгдлээ.