Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Өвөрхангай аймгийн онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанд оролцож өвс тэжээл, шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн асуудлыг шуурхай шийдвэрлэж ажиллах чиглэл өглөө.

Шадар сайд Х.Ганхуяг гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх бодлого, арга хэмжээг орон нутагтаа бодитой хэрэгжүүлж, цасанд боогдож, дарагдсан замыг цэвэрлэх нээх, гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомж, бодлого хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж хариу арга хэмжээг шуурхай авч ажиллах, шаардлагатай техник тоног төхөөрөмж машин, техникийн асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэхийг даалгалаа. 

Мөн Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг үргэлжлүүлж, “Чинээлэг малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ, “Малын гаралтай түүхий эд бэлтгэх, анхан шатны боловсруулалт хийх дундын хоршоодыг сумдаар бүсчлэн байгуулна” гэсэн заалтуудын хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах чиглэлийг тус тус өглөө. 

2026 оны 02 дугаар сарын 10-ны байдлаар Өвөрхангай аймгийн 70 гаруй хувьд цасан бүрхүүлтэй байгаа талаар мэдээллээ. Тодруулбал, Гучин-Ус, Баянгол, Сант, Төгрөг, Баян-Өндөр, Зүүнбаян-Улаан, Есөнзүйл, Өлзийт, Тарагт сумдад 11-21 см дундаж зузаантай, 0.27-0.50 г/см3 нягттай байна.