СОЦИАЛ ДЕМОКРАТ МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБООНЫ ЭЭЛЖИТ БУС ИХ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ

Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурал Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр /2026.02.14/ эхэллээ.

Энэ удаагийн Их хурлаар СДМЭХ-ны Ерөнхийлөгч Х.Булгантуяа ажлын тайлан мэдээллээ танилцуулж, холбооныхоо дүрмийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх юм.

Мөн Монгол Ардын намын дарга Н.Учрал оролцож “Эмэгтэйчүүдийн эрх чөлөө, улс төрийн тэгш оролцоо” сэдвээр илтгэл тавихаар төлөвлөжээ.

Ээлжит бус Их хуралд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн салбар холбоодоос нийт 521 төлөөлөгч оролцохоор сонгогдсон байна.

Тус холбоо нь 1994 оны арваннэгдүгээр сард “Эмэгтэйчүүд-Хөгжил хөдөлгөөн” нэртэй анхдугаар чуулганаа хийж, хөдөлгөөнийхөө дүрмийг баталж, дарга, тэргүүлэгчдээ сонгон ажлын чиглэлээ гаргаж байсан түүхтэй. Ингэснээр тус байгууллага нь улс төрийн намын дэргэдэх анхны эмэгтэйчүүдийн байгууллага болсон юм.

Түүнээс хойш 1998 онд Монголын Ардчилсан Социалист Эмэгтэйчүүдийн холбоо, 2013 онд Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбоо, 2023 онд Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн холбоо болж нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн нэр, үзэл баримтлалаа өөрчлөн хөгжиж иржээ. Тус холбоо нь 21 аймаг, есөн дүүрэг, 330 сум, хороодод салбар зөвлөлтэй.

Монгол Ардын нам болон намын дэргэдэх СДМЭХ нь эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд бусад улс төрийн намыг манлайлан ажиллаж ирсний үр дүнд 2024 онд 32 эмэгтэй парламентын гишүүнээр сонгогдож ажиллаж байна.