Монгол Улсын Их Хурлын даргын 2025 оны 523 дугаар захирамжаар байгуулагдсан Боловсрол, шинжлэх ухааны асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль, тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хурал боллоо

Хуралдааны эхэнд Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал боловсролын чанар, тэгш хүртээмжийг сайжруулах, багшийн мэргэжлийн хөгжил, нийгмийн баталгааг дэмжих болон багшлахуйгаас суралцахуйд шилжих парадигмийн шилжилтийн хүрээнд дижитал болон хиймэл оюунд суурилсан суралцахуйн дэмжих чиглэлээр “Боловсролыг дэмжих жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний зорилт, арга арга хэмжээний талаар танилцуулж, салбарын бодлогын тэргүүлэх чиглэл, хэрэгжилтийн явцын талаар танилцууллаа.

Түүнчлэн тэрбээр, 2026 оны 1 дүгээр сараас нэмэгдээд байгаа багш, ажилтны цалин, хөлстэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл хийж, тайлбар өглөө.

Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал П.Оюунаа сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын хөтөлбөрийн шинэчлэлийн экосистем, бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийн онцлог, сургалтын агуулга, арга зүйн өөрчлөлт, 2026-2027 оны хичээлийн жилээс хэрэгжүүлэх бэлтгэл ажлын талаар танилцуулга хийлээ.

Боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд улсын төсвөөс гадна олон улсын зээл, тусламж чухал үүрэг гүйцэтгэж байна. Ажлын хэсгийн хуралдаанаар Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл – 2 дахь нэмэлт”-ийн хүрээнд хийгдэх 130.0 сая ам.долларын санхүүжилт, цаашдын хэрэгжилтийн чиглэлийг хэлэлцлээ.