
Өнөөдрийн анхдугаар аяллаар Богд хааны ордон музей, Гандантэгчэнлин хийд, С.Зоригийн хөшөө, МУИС-ийн Дугуй танхим, Жамбын Батмөнхийн хөшөө, Хэлмэгдэгсдийн хөшөө, Төрийн ордон гэсэн маршрутын дагуу үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний сэргэлт, эргэлтийн түүхэн үе, Монголын нийгэмд түүхэн үүрэг гүйцэтгэсэн эрхмүүдийн талаар, ардчилал, эрх, эрх чөлөөний талаар Монголын их, дээд сургуулийн 40 гаруй оюутан залуустай ярилцаж, үндэсний эрх чөлөөгөөрөө хамтдаа аяллаа.

Энэ үеэр Ардчилсан Намын дарга, УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Морин жилд монголчууд олон олон өөрчлөлт шинэчлэлт, эргэлтийг хийсэн байдаг хэмээгээд ардчиллын нэг үнэ цэн бол үндэсний бахархал, үүх түүхээ нүүр бардам сурталчилж, түгээн дэлгэрүүлж, тэмдэглэн өнгөрүүлж чадаж буй эрх чөлөө юм. Цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалаар бид Эзэн Богд Чингис хааны тухай, үүх түүхээ үнэнээр нь ярьж, тэмдэглэх эрх чөлөөг олж авсан. Социалист нийгэмд энэ хаалттай байсан” хэмээн ярилаа.

Өнөөдрийн аяллын зочин илтгэгчээр Монгол Улсын төрийн соёрхолт, түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхан, Жавзандамба хутагт төвийн багш, гавж Д.Нямсамбуу, МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн багш Г.Баттогтох, Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг Э.Бат-Үүл, Тэргүүн шадар сайд асан Да.Ганболд, Оксфордын их сургуулийн хүмүүний газарзүйн чиглэлийн докторант Г.Мөнх-Эрдэнэ, Ардчилсан Намын даргын зөвлөх З.Энхмөнх, “Глобал Удирдагч” их сургуулийн үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгч Б.Отгонбат нар оролцлоо.
