
XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын уламжлалт “Хан хуурын хөг тэгшлэх”, сар шинийн золголт, хүндэтгэлийн үйл ажиллагаа Хаврын тэргүүн сарын шинийн зургааны өлзий бэлгэт сайн өдөр ёслол төгөлдөр боллоо. Ёслолын ажиллагаа Ерөнхий захиргааны 2-р байрны “Оюу” танхимд болж, үйлдвэрийн газрын удирдлагууд, Монгол Улсын Хөдөлмөрийн баатрууд, гавьяатууд, ахмад уурхайчид, бүтцийн нэгжүүдийн төлөөлөл, уурхайчин хамт олон өргөнөөр оролцов.

Зочид золголтын ёсоор амар мэндээ айлтган, хөөрөг зөрүүлж, эв эе, хүндэтгэлийн уур амьсгалыг бүрдүүлэв. Хүндэтгэлийн ёслолыг нээж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Геологи-минералогийн ухааны доктор (Ph.D) Г.Ёндон Сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүлэн үг хэллээ. Тэрбээр, өнгөрсөн Модон могой жилд Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин хамт олон түүхэн амжилтуудыг хамтдаа бүтээснийг онцлон тэмдэглэв. Тодруулбал, 47.9 сая тонн хүдэр олборлож, 39.9 сая тонн хүдэр боловсруулан, борлуулалтын орлогыг түүхэн дээд хэмжээнд буюу 4.9 их наяд төгрөгт хүргэж, улс, орон нутгийн төсөвт 2.3 их наяд төгрөг төвлөрүүлсэн нь үйлдвэрийн түүхэнд онцгой амжилт болсныг онцлов. Мөн “Оюут” ордын хайгуулын ажлыг амжилттай гүйцэтгэж, 1.1 сая гаруй тонн зэсийн геологийн нөөцийг тогтоон, 100 гаруй жил тогтвортой ажиллах нөөц боломжоо баталгаажуулсныг дурдлаа.

Ерөнхий захирал үгэндээ, “Энэ бүх амжилтын ард 365 хоног амралтгүй зүтгэж, мөр зэрэгцэн хөдөлмөрлөсөн 7000 гаруй уурхайчдын хичээл зүтгэл, эв нэгдэл, хариуцлага оршиж байна” хэмээн онцлон талархал илэрхийллээ. Үүний дараа “Хан хуурын хөг тэгшлэх” ёслолын дагуу Хан хуурыг уламжлал ёсоор гардуулж, морин хуурч Э.Пүрэвсүрэн эгшиглүүлэн, уурхайчин хамт олны хийморь лундаа, ажил үйлс нь өөдөө байхын бэлгэдлийг шингээлээ.

Мөн Жалдан жанчүвлин хийдийн хамба лам, гэвш Б.Мөнхтогоо тэргүүтэй лам хуврагууд Гал морин жилдээ эрүүл энх, элбэг хангалуун, эв нэгдэл дүүрэн байх ерөөлийн ном айлдав. Ерөнхий захирал Г.Ёндон: “Гарч буй Гал морин жилдээ хүний хөгжлийг дэмжсэн цогц бодлогоо үргэлжлүүлж, ирээдүйг харсан томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн, техник, технологийн шинэчлэл, бүтээн байгуулалтын ажлуудаа амжилттай үргэлжлүүлнэ” хэмээн онцлон тэмдэглэлээ.

Ийнхүү Эрдэнэт үйлдвэрийн олон арван жилийн түүх, уламжлалыг шингээсэн “Хан хуурын хөг тэгшлэх” хүндэт ёс, сар шинийн золголтын ажиллагаа баярын уур амьсгал дунд өрнөж, сайхан шинэллээ.
Т.БАТЧУЛУУН
Б.БАТТӨГС