
Энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой 2026 онд тохиож байгаа учир 1024 бөх барилдана гэх мэдээлэл гарсан. Тэгвэл энэ талаар засгийн газраас тодруулахад “Баяр наадам зохион байгуулах комиссын хамгийн сүүлд болсон хурлаар 1024 бөх барилдуулах тухай асуудал яригдаагүй” гэлээ.
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн есдүгээр зүйл 9.1-д “Улсын баяр наадамд 10 жил тутам Их Монгол Улс байгуулагдсаны болон Ардын хувьсгалын тэгш ойг давхцуулан 1024 бөх, бусад баяр наадамд 512 бөх барилдана” хэмээн заажээ.
Энэ жилийн тухайд Их Монгол Улсын 820 жилийн ой тохиож байгаа бөгөөд ардын хувьсгалын тэгш ой давхцаагүй юм. Харин бөхийн холбооны зүгээс энэ жил 1024 бөх барилдуулах хүсэлт өгсөн аж. Эцсийн шийдвэрийг баяр наадам зохион байгуулах комисс шийдвэрлэх юм.
