
Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 45 дугаар захирамжаар орон сууцжуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлын хэсэг байгуулагдсан. Энэ хүрээнд Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл, Орон сууцны санхүүжилтийн банкны тухай хуулийн төслийг тус тус боловсруулаад байна. Хуулийн төслүүд боловсруулсантай холбогдуулан Хууль тогтоомжийн тухай хуулийн 8.1.5-д заасны дагуу олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт олон улсын зөвлөх Дэлхийн банк групп, Азийн хөгжлийн банк, БНСУ-ын КOICA хамтын ажиллагааны байгууллага, Бан Ки Мүүн сан, Монгол Улсын төрийн байгууллагуудын төлөөлөгч нар санал, зөвлөмж өгөхөөр оролцсон.

Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд төр хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан орлогын түвшинд тохирсон олон төрөлт орон сууцны нийлүүлэлт бий болж, бага орлоготой иргэдэд зориулсан халамжийн орон сууц, дунджаас доогуур орлоготой иргэдэд хөлслөх орон сууц, дундаж орлоготой иргэдэд түрээслээд өмчлөх орон сууцыг нэвтрүүлэх болон бусад зохицуулалтыг тусгасан.

Орон сууцны санхүүжилтийн банкны тухай хуулийн төсөлд ипотекийн зээлийн бүтээгдэхүүнийг иргэдийн орлогын түвшин, байршилтай уялдуулан төрөлжүүлэх, санхүүжилтийн эх үүсвэрийг төв банкнаас хэт хамааралгүй болгох, зах зээл дээрх дараалал, төвлөрлийг бууруулах, Үндэсний баялгийн сан, Хуримтлалын сангийн хөрөнгийг хуульд нийцүүлэн иргэдийн орон сууцны хөрөнгө оруулалтад чиглүүлэх болон бусад зохицуулалтыг тусгасан.

Энэ удаагийн хэлэлцүүлэг нь төрийн байгууллага болон олон улсын зөвлөхүүдийн хүрээнд хийгдэж байгаа бөгөөд дараагийн шатны хэлэлцүүлгийг иргэд, олон нийтийн дунд хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. Эдгээр хэлэлцүүлгүүдийн дараа хуулийн төслүүдийг 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн барихаар төлөвлөн ажиллаж байна.


