СЭРГЭЭН ЗАСАХ, ТУСЛАХ ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ХАРЬЯА СЭРГЭЭН ЗАСАХ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 207 дугаар тогтоолоор “Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв”-ийг “Сэргээн засах, туслах технологийн үндэсний төв” болгон өөрчлөн зохион байгуулсан. Тус төв нь жилд 7,000 орчим иргэнд сэргээн засах эмнэлгийн болон туслах технологийн цогц үйлчилгээг үзүүлж байна.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир албаны хүмүүсийн хамт Сэргээн засах эмнэлэгт ажиллалаа.Сэргээн засах эмнэлэг нь 60 ортойгоор төрөлжсөн тусламж үзүүлж, Протез, ортопедийн үйлдвэр нь 35 нэр төрлийн 700 орчим туслах хэрэгслийг үйлдвэрлэн ажиллаж байна.

Уулзалтын үеэр дараах асуудлуудыг эмнэлгийн ажилчид онцлон ярьж байлаа. Үүнд:

• 2016 онд ашиглалтад орсон барилга нь эмнэлгийн зориулалтын бус, стандарт норм хангаагүй, орц гарцны хүртээмж муу байгаа нь үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлж байга

• 2026 оноос сэтгэл зүй болон урлаг заслыг эмчилгээг шинээр нэвтрүүлэх, боловсон хүчнийг жилд хоёр удаа гадаадад мэргэшүүлэх шаардлага гарч байгаа

• Мөн нэн тулгамдсан асуудал болох түргэн тусламжийн машин, “Яаралтай тусламжийн тасаг” байгуулах, хавдар судлаач эмч болон эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерийн орон тоо зэрэг асуудлуудыг онцоллоо.

Сэргээн засах, туслах технологийн үндэсний төвийн 2025 оны ажлын гүйцэтгэлтэй танилцаж, түүнд суурилсан 2026 оны стратеги төлөвлөгөөг дээрх асуудлуудтай уялдуулан бодитойгоор гаргахыг холбогдох мэргэжилтнүүд болон төвийн удирдлагуудад үүрэг болголоо.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад тархины харвалт нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болж, өвчлөл залуужих хандлагатай байна. (жилд дунджаар 12,000 гаруй хүн харвалтаар оношлогддог). Харвалтын дараах хөдөлмөрийн чадвар алдалтыг бууруулах, иргэдийг группийн хамаарлаас гаргахад сэргээн засах тусламж нэн чухал юм.