Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон 2025 оны 236 дугаар тогтоолоор баталсан “Эдийн засгийн өсөлтийг иргэддээ хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-нд залуучууд, зорилтот бүлгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, 5000 өрхийн амьжиргааг сайжруулах, 30–40 мянган ажлын байр бий болгох зорилтыг тусгасан бөгөөд эдгээрийг хэрэгжүүлэх хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар 2026 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласан.

“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах зорилгоор төрийн захиргааны төв байгууллага, нийгмийн түншлэл, ажил олгогч, төрийн бус болон олон улсын байгууллагын төлөөллийг багтаасан Зохион байгуулах хороог Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/23 дугаар тушаалаар байгуулсан.

Дэмжих жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд оролцогч талуудын саналыг тусгах, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж, оролцогч талууд бодлогын хэрэгжилт, санхүүжилт, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр санал солилцлоо.

Уулзалтын үр дүнд үйл ажиллагааны төлөвлөгөөг бодит хэрэгжилтэд чиглүүлэн боловсронгуй болгох, үр дүнд суурилсан хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов.