Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа Дархан-Уул аймагт ажиллаж, гадаадын зээл тусламж болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй томоохон төсөл, арга хэмжээний хэрэгжилттэй газар дээр нь танилцлаа. Энэ үеэр Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжсэн “Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах” төслийн хүрээнд баригдсан цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа, лаг боловсруулах системийн ашиглалт, гүйцэтгэлийн ажлуудын явцыг шалгаж, гүйцэтгэлийн аудитаар илэрсэн зөрчлийг шуурхай арилгах, байгууламжийг бүрэн хүчин чадлаар ашиглалтад оруулах чиглэлээр холбогдох албан тушаалтнуудтай санал солилцож, тодорхой үүрэг, чиглэл өглөө.

Мөн Засгийн газраас иргэдийг орон сууцжуулах хүрээнд 2025-2028 онуудад төрийн болон хувийн хэвшлийн нийт 137,431 орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаатай холбоотойгоор Дархан хотод хэрэгжиж буй 10,000 айлын “Залуус-1, 2” орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээ, цахилгаан хангамжийн нөхцөл байдалтай танилцсан. Цаашид дэд бүтцийн найдвартай ажиллагааг хангах, тулгамдсан асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэхэд яамны зүгээс бодлогын болон зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.

Ингэснээр хэрэгжиж байгаа төслүүдийн үр ашиг, тогтвортой байдал болон уялдаа холбоог хангаж, Засгийн газраас баримталж буй иргэдийг орон сууцжуулах бодлого, хэт төвлөрлийг сааруулах бодлогууд амжилттай хэрэгжиж нөхцөлийг бүрдүүлэх юм.