ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ АРДЧИЛАЛ, СОНГУУЛИЙН ТУСЛАЛЦААНЫ ОЛОН УЛСЫН ХҮРЭЭЛЭНГИЙН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА КЕВИН КАЗАС-ЗАМОРАТАЙ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Шведийн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Стокхолм хотод төвтэй Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэн (International IDEA)-гийн Ерөнхий нарийн бичгийн

даргатай уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улс Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэнтэй идэвхтэй хамтран ажиллаж ирснийг тэмдэглэж, цаашид харилцаа, хамтын ажиллагааг тодорхой төсөл

хөтөлбөрөөр баяжуулах талаар ярилцлаа.

Тухайлбал, НҮБ-ын Авлигын эсрэг конвенцын оролцогч талуудын 11 дүгээр бага хурлаар манай улс санаачлан батлуулсан “Сонгуульд нэр дэвшигчид, улс төрийн намууд болон сонгуулийн кампанит ажлуудын санхүүжилтийн ил тодбайдлыг нэмэгдүүлэх тухай” тогтоолыг ажил хэрэг болгох, Сонгуулийн ажиглалтын Азийн жишиг төвийг Улаанбаатар хотод байгуулах тухай Санамж бичгийн хэрэгжилтийг хангах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Түүнчлэн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тус хүрээлэнгээс гаргадаг дэлхийн ардчиллын төлөв байдлын үнэлгээ, сонгуулийн үйл явцын судалгаа, дүн шинжилгээ нь Монгол Улсад болон дэлхийн олон орны төрийн байгууллага, судалгааны хүрээлэн, бодлого боловсруулагчдад чухал эх сурвалж болдгийг онцолж, энэ чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар ярилцлаа. Уулзалтын төгсгөлд Ерөнхий нарийн бичгийн дарга Кевин Казас-Замораг Монгол Улсад айлчлахыг урилаа