
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Шведийн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд тус улсын парламент буюу Риксдагийн дарга Андреас Норлейн болон парламентын гишүүдтэй уулзалт хийв.
Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд хууль тогтоох байгууллага-парламент хоорондын хамтын ажиллагаа чухал ач холбогдолтойг онцолж, түүнийг улам бүр өргөжүүлэхийн төлөө байгаагаа нотоллоо. Сүүлийн жилүүдэд парламент хооронд дээд түвшний харилцан айлчлал хэрэгжүүлж ирсэн бөгөөд хамтын ажиллагааг улам бүр баяжуулах, улс төрийн боловсрол, эмэгтэйчүүдийн манлайлал, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр харилцан туршлага солилцох, мөн хоёр улсын харилцааг бэхжүүлэхэд чиглэсэн хууль эрх зүйн орчныг сайжруулахад парламентын зүгээс дэмжлэг үзүүлэх тухайлбал, нийгмийн хамгааллын чиглэлээр хоёр улсын хооронд гэрээ, хэлэлцээр байгуулах санал тавилаа.
Уулзалтад Шведийн Риксдагийн Швед-Монголын Парламентын бүлэг, Гадаад бодлогын байнгын хороо болон парламентад суудалтай улс төрийн намуудын төлөөлөл бүхий парламентын гишүүд оролцсон бөгөөд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар болон олон улсын харилцааны зарим асуудлаар харилцан санал солилцлоо.
