БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН 130 БАЙГУУЛЛАГАД 1700 ГАРУЙ ЭМЧ, АЖИЛТАН АЖИЛЛАЖ БАЙНА

21 аймагт хүрч ажиллахаар гарсан Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон бусад албаны хүмүүсийн томилолт өнөөдөр Баян-Өлгий аймагт үргэлжилж байна.

Баян-Өлгий аймгийн эрүүл мэндийн салбарт нийт 130 эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаа явуулж, 1723 эрүүл мэндийн ажилтан ажиллаж байна.

Хүний нөөцийн хувьд 321 хүний их эмч, 22 уламжлалт анагаахын эмч, 74 багийн бага эмч, 433 сувилагч, 44 эх баригч, 54 нийгмийн эрүүл мэндийн ажилтан, 7 эм зүйч, 82 эм найруулагч, 40 лаборант болон бусад мэргэжилтнүүд ажиллаж байна. Эдгээр байгууллага, ажилчид тус аймгийн 120 гаруй мянган хүнд эмнэлгийн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэн ажиллаж байна.

Мөн төрөлжсөн мэргэшлийн хүрээнд ангиографи, хүүхдийн эрчимт эмчилгээ, хүүхдийн дүрс оношилгоо, тулгуур эрхтний сэргээн засал, эмнэлзүйн лабораторийн цус судлал зэрэг чиглэлээр эмч нарыг бэлтгэх ажлыг зохион байгуулж байна гэж аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Х.Дауыржан мэдээлэл өгөв.

Мөн, эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлуудын хувьд:

• Хэл засалч, хөдөлмөр засалч, сэтгэл зүйч зэрэг хүний нөөцийн дутагдал

• Зарим суманд эх барих, эмэгтэйчүүдийн болон мэс заслын эмчийн дутагдал

• Сэргээн засах тусламж үйлчилгээний тоног төхөөрөмж, мэргэжилтний хомсдол

• Дархлаажуулалтын хамралтыг нэмэгдүүлэх, халдварт өвчний бэлэн байдлыг хангах

• Сүрьеэгийн идэвхтэй илрүүлэг, сэтгэцийн эрүүл мэндийн судалгаанд санхүүжилт шаардлагатай зэрэг асуудал багтаж байна гэв.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнөөдөр үргэлжлүүлэн аймгийн эрүүл мэндийн салбарынхантайгаа уулзаж, Нэгдсэн эмнэлэгт ажиллах юм.