БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ 100 ОРТОЙ ШИНЭ БАРИЛГАА АШИГЛАЛТАД ОРУУЛЖ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ ӨРГӨЖҮҮЛЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх 2019 онд Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байхдаа Баян-Өлгий аймагт айлчлах үеэрээ Нэгдсэн эмнэлгийн барилгыг шинэчлэн барих шийдвэрийг гаргаж өнгөрсөн хугацаанд баригдаж өнөөдөр ашиглалтад ороод байна.

Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгийн шинэ байрыг 28.5 тэрбум төгрөгийн өртөгөөр барьсан бөгөөд 100 ортой шинэ эмнэлгийн барилгаа Баян-Өлгий аймгийн эмч, ажилтнууд ашиглалтад оруулж, орон нутгийн иргэдэдээ үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүчин чадлаа нэмэгдүүлж, үйл ажиллагаагаа жигдрүүлж байна.

Шинээр баригдсан тус барилга нь хэвтэн эмчлүүлэх тасгийн байр, амбулаторийн барилга, эмгэг судлалын тасаг бүхий гурван корпусоос бүрдэж байна. Ингэснээр оношилгоо, эмчилгээний тусламж үйлчилгээг илүү хүртээмжтэй, орчин үеийн орчинд үзүүлэх боломж бүрдэж байгаа юм.

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл үе шаттайгаар хийгдэж байгаа бөгөөд 2025 оны байдлаар 1380 гаруй тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл бүртгэгдсэн байна. Мөн өнгөрсөн онд 219.3 сая төгрөгийн өртөг бүхий 47 ширхэг тоног төхөөрөмжийг шинээр ашиглалтад оруулжээ. Үүнд орон нутгийн хөрөнгө, олон улсын төсөл хөтөлбөр, Эрүүл мэндийн яам болон бусад байгууллагын дэмжлэгээр нийлүүлсэн тоног төхөөрөмжүүд багтсан байна.

Мөн шинжилгээний лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх хүрээнд биохимийн бүрэн автомат анализатор хоёр, шээсний хагас автомат анализатор нэг, бүлэгнэлтийн бүрэн автомат анализатор нэгийг ашиглалтад оруулсан байна.

Хэдийгээр эмнэлгийн хүчин чадал нэмэгдэж, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдэж байгаа ч цаашид дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх шаардлага хэвээр байгааг эмнэлгийн удирдлагууд онцолж байна. Тухайлбал 128 зүслэгтэй компьютер томограф, дижитал суурин рентген аппарат, 4D эхо аппарат, гемодиализийн аппарат, мэс заслын дурангийн иж бүрдэл, унтуулгын аппарат зэрэг орчин үеийн тоног төхөөрөмж нэн шаардлагатай байгаа аж. Мөн эмийн төсөв хангалтгүй байгаа нь тулгамдсан асуудлын нэг хэвээр байна.

Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг цаашид олон улсын стандарт нэвтрүүлж, нотолгоонд суурилсан, аюулгүй, чанартай тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт ойрын хугацаанд 4 сая долларын хөрөнгө оруулалт хийж эрчимт эмчилгээний тасгуудыг тохижуулж, СТ, Ангиограф аппаратаар хангаж амь тэнсэн үеийн тусламж үйлчилгээ үзүүлдэг түргэн тусламжийн машинтай болгоно гэв.