Эрх баригч МАН дотооддоо санаанд оромгүй шинэчлэлт, өөрчлөлтүүдийг хийж байна. Саяхан болж өнгөрсөн Бага хурлынх нь уур амьсгал, МАН-ын удирдлагуудын тавьсан илтгэл тайлангууд, Эх орончдын өдрөөр МАН-ын даргын мэндчилгээ зэргээс тус нам хатуу зүүний үзэл баримтлалаас огт өөрийг зарлаж байгаа нь анзаарагдлаа. Одоогоос 100 гаруй жилийн тэртээ “Иргэн баян бол улс баян” хэмээсэн анхны дарга С.Данзангийнхаа бодлогыг МАН-ын дарга Н.Учрал онцоллоо. Тэрээр “МАН-ын анхны дарга С.Данзангийн “Иргэн баян бол улс баян”, намын мөрийн хөтөлбөрийн эх зохиогч Жамсрангийн Цэвээний “Улсын эрх” бүтээл, МАН-ын үүсгэн байгуулагдах цагаасаа баримталсан өөрийн төр, шашин, соёлыг бадраах үндэстний ардчилсан дэвшилтэт үзэл санаа, үнэт өвөө сэргээн амилуулж, уламжлал шинэчлэлийг хослуулан өөрчлөгдөн шинэчлэгдэж, түмнийхээ итгэлд дахин төрнө. Тусгаар тогтнолоо эдийн засгийн тусгаар тогтнолоор дархалж, монгол хүний улс төрийн эрх чөлөөг эдийн засгийн эрх чөлөөгөөр гагнаж ард түмэндээ эргэн ирнэ” гэв.

Угтаа “Иргэн бүр баяжигтун” хэмээх С.Данзангийн уриа нь иргэний өмч, хувийн санаачилга, худалдаа, зах зээлийн харилцаанд суурилсан эдийн засгийн үзэл санаа юм. Гэвч энэ нь тухайн үедээ коминтернийн мөрдүүлж байсан улсын өмч хэмээх хийсвэр ойлголт давамгайлсан социалист тогтолцоотой зөрчилдсөн. С.Данзанг “Баруунтан, капиталист чиг баримжаатай” хэмээн буруутгасан. Тиймээс гэмт хэрэг шахуу үзсэн түүхтэй.

Үүнээс гадна, намаасаа гарсан, тэр байтугай эх орноосоо явсан олон хүнийг МАН сүүлийн хэдэн сард “элсүүлж” оруулж ирэв. Тухайн үедээ 60 тэрбумын асуудалд холбогдож байсан НИТХ-ын дарга асан, Нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуй МАН-ын дарга Н.Учралын зөвлөх болсон байна.

МАН-д Хотын фракц хүчээ авч байхад тус намын “сүүдрийн удирдагч” гэгддэг байсан Т.Бадамжунайг НПГ-аас төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль өгөх, мөнгө угаах гэмт хэрэгт 2018 онд буруутгасан. Т.Бадамжунай 2019 онд хилээр гарч яваад, 2024 онд “Шувуу” ажиллагааны хүрээнд Филиппин улсаас баригдаж ирсэн. Харин тэрээр “Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуулиар МАН-ын сонгуулийг чиглүүлэн зааж, стратеги гаргах үүрэг хүлээсэн” тухай улс төрийн хүрээнд яригдаж байна. Саяхан болж өнгөрсөн цагаан сараар нөлөө бүхий хүмүүсийг дуудаж Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуультай холбоотой гол гол чиглэлүүдийг ярилцжээ.

Түүнээс гадна, нэгэн цагт МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын даргаар ажиллаж явсан Ж.Мөнхбат саяхан болсон намынхаа Бага хурлын содон зочин болж очсон. Тэрээр 2023 онд нүүрсний хэргийн дуулианы үеэр АТГ-аас эрүүгийн хэрэгт татагдаж байв. Ж.Мөнхбатыг улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжих зэрэг зүйл ангиар шалгаж эхэлсэн байдаг. Харин тэр 2023 оны хоёрдугаар сарын 1-нд УИХ-ын дарга Г.Занданшатарт УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ хүргүүлээд чөлөөлөгдсөн байдаг. Ж.Мөнхбат 2023 оны аравдугаар сард Монгол Улсын хилээр гарч яваад энэ оны эхээр эх орондоо ирсэн юм.

Товчхондоо, удахгүй үйл ажиллагаа нь эхлэх Ерөнхийлөгчийн 2027 оны МАН-ын сонгуулийг Т.Бадамжунай “чиглүүлж”, Ж.Мөнхбат удирдах бололтой. Гэхдээ МАН-ын эдгээр өөрчлөлтүүдэд улс төрийн хүрээнийхэн цочирдохгүй байгаа аж. Учир нь, тэд “Францын зохиолч Жак Пешегийн “Шинэ зүйл гэдэг чинь мартагдсан хуучин шүү дээ” гэдэг үг бий” гэлцэж байна.