АНУ-ын Нью-Йорк хотноо 2026 оны 3 дугаар сарын 9–19-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Эмэгтэйчүүдийн аж байдлын комисс (ЭАБК)-ын 70 дугаар чуулганд Монгол Улсаас Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Энэ жилийн чуулган “Бүх эмэгтэйчүүд, охидын шударга ёсонд хүртээмжтэй байх боломжийг хангах, бэхжүүлэх, үүнд хүртээмжтэй, тэгш эрхэд суурилсан хууль эрх зүйн тогтолцоог дэмжих, ялгаварлан гадуурхсан хууль, бодлого, практикийг арилгах, мөн бүтцийн саад бэрхшээлийг шийдвэрлэх” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд НҮБ-ын 180 гаруй гишүүн улсын төлөөлөгчид өндөр түвшинд оролцож байна.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир 3 дугаар сарын 9-ний өдөр ЭАБК-ын 70 дугаар чуулганы Ерөнхий хэлэлцүүлэгт үг хэлж, бүх эмэгтэйчүүд, охидын шударга ёсны хүртээмжийг хангах, ялгаварлан гадуурхсан хууль, бодлого, практикийг арилгах, тэгш эрхэд суурилсан хууль эрх зүйн тогтолцоог бэхжүүлэхийн ач холбогдлыг онцлон тэмдэглэв.

Тэрээр Монгол Улс жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн улс төр, нийгэм, эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, хууль эрх зүйн шинэчлэлийн талаар танилцуулж, энэ чиглэлд олон улсын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн ажиллахаа илэрхийллээ.

Чуулганы үеэр сайд Т.Аубакир “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах, өндөр настай эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх” сэдэвт сайд нарын дугуй ширээний хэлэлцүүлэгт оролцож үг хэлэв. Мөн Бүгд Найрамдах Турк Улсын Гэр бүл, нийгмийн үйлчилгээний сайд хатагтай Махинур Өздемир Гөкташ болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн туслах захирагч ноён Хаолинг Сюй нартай тус тус хоёр талын уулзалт хийж, Монгол Улсад хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Комиссын 70 дугаар чуулганы хүрээнд хэлэлцэж буй тэргүүлэх сэдвийн үр дүнг НҮБ-ын гишүүн бүх улс орнууд хамтран хэлэлцэж, тохиролцсон дүгнэлт (Agreed Conclusions) хэлбэрээр батлана.