ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН ӨМНӨГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон албаны хүмүүс Өмнөговь аймагт ажиллаж, аймгийн засаг дарга, эрүүл мэндийн газар, БОЭТ-ийн удирдлагуудтай уулзаж эрүүл мэндийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын бодлогын талаар санал солилцлоо.

Өмнөговь аймаг нь суурьшлын 80 мянган хүн ам, явуулын 70 мянга нийт 150 мянган хүн амтай. Хамгийн олон буюу 19 уул уурхайн компани, түүний туслан гүйцэтгэгч 1600 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Гашуун сухайт, Шивээ хүрэн гэсэн хоёр том хилийн боомттой, тээвэр, уул уурхай, хүний хөдөлгөөн хамгийн их төвлөрсөн бүс нутаг юм. Үүнийгээ дагаад эрүүл мэндийн асуудал, тэр дундаа осол аваар их тохиолддог тул аймгаас эрүүл мэндийн салбартаа хамгийн их хөрөнгө оруулалтыг хийн ажиллаж байгааг тус аймгийн засаг дарга Н.Энхбат мэдээлэв.

Мөн Өмнөговь аймгийн Цагаан хад суурьшлын бүсэд 22 мянган хүн ам ажиллаж амьдардаг бөгөөд эмнэлэг, сургуулийн асуудлыг шийдвэрлэх нэн шаардлагатай байгаа юм. Тус суурьшлын бүсийн иргэд эрүүл мэндийн асуудал үүсэхэд Ханбогд сум руу 100 км явж тусламж үйлчилгээ авдаг байна. Иймд эмнэлэг барих хэрэгцээ нэн чухал байгаа ч газар, статусын асуудал үүссэн тул шийдвэрлэж өгөхийг хүслээ.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Монгол Улсын эдийн засгийг бүрдүүлж буй уул уурхайн салбарт ажиллаж байгаа олон мянган иргэний эрүүл мэндийг хамгаалах, анхаарах нь нэн чухал бөгөөд Цагаан хад суурьшлын бүсэд эмнэлэг барихтай холбоотой асуудлыг шийдвэрлэхээр Ерөнхий сайд үүрэг өгсөн. Энэ хүрээнд БОУАӨЯ, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Эрүүл мэндийн яам хамтран хилийн боомт дахь газар олголтын асуудлыг Засгийн газрын түвшинд шийдвэрлэхээр газар дээр нь ажиллаж буйг хэллээ. Засгийн газрын тогтоол гарснаар тухайн суурьшлын бүсэд эрүүл мэндийн төв байгуулах боломж бүрдэнэ гэв.

Мөн тээвэр зуучлал хийж байгаа компаниуд жолооч, ажилчдаа ЭМД-д хамруулах тал дээр аймгийн удирдлагууд мэдээлэл, шаардлага хүргүүлэн хамтран ажиллахыг даалгалаа. Энэ онд анхан шатны тусламж үйлчилгээний нэг иргэний санхүүжилтийг нэмэгдүүлж, гүйцэтгэлээр нь урамшлуулал олгох шинэ тогтолцоог бий болгосон. Иймд анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд түр оршин суугчдаа бүртгэлжүүлснээр нэг иргэний санхүүжилт авч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх нөхцөл бүрдсэн гэдгийг аймгийн удирдлагуудад хэллээ.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон албаны хүмүүс үргэлжлүүлэн эрүүл мэндийн салбарынхантай уулзаж байна.