Бүсчилсэн хөгжлийн бодлого, Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах тухай Засгийн газрын 2025 оны 56 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэнгээр ахлуулсан баг Хангайн бүсэд ажиллаж байна.

Томилолтын бүрэлдэхүүнд тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Б.Батшагай, “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХКК-ийн захирал Б.Цогтсаран, Хөдөө аж ахуйн биржийн захирал Э.Нарангарав, Жижиг, дунд үйлдвэрийн газрын Зээл,төслийн газрын дарга Н.Энхтөр нар багтаж буй.

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 15-нд Өвөрхангай аймгийн Сант сумын иргэд, малчдын төлөөлөлтэй уулзалт хийлээ. Уулзалтад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж, тус сумын Засаг дарга О.Адъяатогтох болон хөрш сумдын удирдлагууд оролцов.

Уулзалтын эхэнд ХХААХҮ-ийн М.Бадамсүрэн сайд хэдийгээр өвөлжилт хүндэрсэн ч хамтын хүчээр даван туулж, хавартай өнтэй золгосон Сантчууд, малчин түмнийхээ хөдөлмөрөөр бахархаж буйгаа тодотгоод “Малчдын амьжиргааг дэмжсэн, орон нутагтаа тохилог амьдрах орчныг бүрдүүлсэн бодлого баримтлан ажиллаж байна. Үүний нэг бол “Орон нутгийн хөгжлийн төв” төсөл. Хөгжлийн төв нь иргэд, малчдад хөнгөлөлттэй зээл, бизнесийн зөвлөх үйлчилгээ, трактор, техник түрээсийн үйлчилгээ үзүүлэх төдийгүй мал үржлийн нэгж, сүү цагаан идээ боловсруулах болон малын тэжээлийн бага оврын тэжээлийн үйлдвэр зэргийг байгуулна” гэв.

Сант сум малын тоогоор аймагтаа тэргүүлдэг, таталцан хөгжих Баян-Өндөр, Баянгол сум гурвуул мал аж ахуйд суурилсан эдийн засагтай, эрс тэс уур амьсгалтай тул Өвөрхангай аймгийн зүүн бүсийн хөдөө аж ахуйн хөгжлийн төв болгон хөгжүүлж, малын ашиг шимийг дээшлүүлэх, малчдын амьжиргааг дэмжих үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэх нь нэн тохиромжтой гэж үзэж буйгаа иргэд хэлж байлаа.