
Монголын анхны Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, АНУ-ын Зүүн Ази, Номхон далайн товчоо хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн дарга Майкл Жорж Десомбрэ, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, Сангийн сайд, ММСС-ийн УЗ-ийн дарга Б.Жавхлан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон холбогдох албаны хүмүүс оролцов. Гадаад харилцааны яамаар төлөөлүүлэн Монгол Улсын Засгийн газар болон Мянганы сорилтын корпорацаар төлөөлүүлэн Америкийн Нэгдсэн Улс хоорондын Мянганы сорилтын компакт гэрээг 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр байгуулж, Улсын Их Хурал 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр соёрхон баталж, гэрээ 2021 оны 03 дугаар сарын өдөр 31-ний өдөр хүчин төгөлдөр болсон.

Энэхүү Компакт гэрээний хүрээнд Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж, хотын ус хангамжийн төвлөрсөн сүлжээнд жилд 50 сая.м3 ус нийлүүлэх хүчин чадалтай Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг ус хангамжийн эх үүсвэрийн хамт, мөн Шинэ төв цэвэрлэх байгууламжаас цэвэрлэгдээд гарч байгаа усыг дахин боловсруулж, дулааны цахилгаан станцуудын технологийн хэрэгцээнд жилд 18 сая.м3 дахин ашиглах цэвэрлэсэн усыг нийлүүлэх хүчин чадалтай Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг байгуулахаар төлөвлөсөн.

Тэгвэл Усны Компакт гэрээний үндсэн төслийн нэг Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орж, өнөөдөр үйл ажиллагааг нь нээж байна.
Хаягдал ус дахин боловсруулах төслийн хүрээнд Монгол Улсад анх удаа аж үйлдвэрийн зориулалтаар Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр байгуулж байгаа бөгөөд шинэ Төв цэвэрлэх байгууламжаас хоногт цэвэрлэж гарах 250.0 шоо метр уснаас 50.0 шоо метр усыг тус үйлдвэрт хүлээн авч, боловсруулан дулааны цахилгаан станцуудын техникийн усны зориулалтаар нийлүүлэх юм. Ингэснээр төдий хэмжээний гүний цэнгэг усыг ирээдүй хойчийн хэрэглээнд хэмнэн үлдээх нөхцөл бүрдэнэ.

Мөн хаягдал усыг цэвэрлэж, дахин ашиглах үйл ажиллагааг уул уурхай, автозам, дэд бүтцийн томоохон төслүүд, хөдөө аж ахуй, байгаль орчны нөхөн сэргээлт, ногоон байгууламжийн усалгаа, зам талбайн угаалга зэрэгт ашиглах жишиг төсөл болох ач холбогдолтой юм.
