
Дэлхийд үнэлэгдэх ур чадварыг дэргэдээсээ авах боломжийг олгох Google компанийн албан ёсны эрхтэй “Grow with Google Mongolia” хөтөлбөрийн гурав дахь удаагийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.
Дэлхийн зах зээлд 2026 онд хамгийн эрэлттэй дижитал ур чадварыг олон улсын арга барилаар богино хугацаанд эзэмшиж, мэргэжлийн гараагаа тавин, өөрийн карьер, ур чадварыг дараагийн түвшинд гаргах боломжтой тус хөтөлбөрийн гурав дахь элсэлтэд 300 гаруй залуучууд хамрагдлаа.

Хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээнд оролцсон Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын Дэд сайд Г.Дашням хэлсэн үгэндээ:
Өнөөдөр бид залуучуудын хөгжлийг зөвхөн нийгмийн бодлогын хүрээнд бус, эдийн засгийн өсөлт, үндэсний өрсөлдөх чадвар, бүтээлч үйлдвэрлэл, аялал жуулчлал, соёлын инновац, спортын менежмент зэрэг өргөн хүрээнд харах хэрэгтэй болсон. Дижитал ур чадвартай, санаачилгатай, бүтээлч сэтгэлгээтэй залуучууд бол манай улсын хамгийн үнэ цэнтэй хөрөнгө юм.

Залуучуудыг чадавхжуулах асуудал бол зөвхөн нэг салбарын, нэг байгууллагын, эсвэл зөвхөн төрийн хийх ажил биш юм. Энэ бол төр, хувийн хэвшил, боловсролын байгууллага, олон улсын түншлэл, иргэний нийгмийн хамтын хүчин чармайлт шаардсан үндэсний хэмжээний зорилт юм.

“Grow with Google Mongolia” хөтөлбөр бол энэ шинэ хамтын ажиллагааны тод жишээ гэж би харж байна. Дэлхийн хэмжээний мэдлэг, хэрэгсэл, платформыг Монголын залуучуудтай холбож буй энэхүү санаачилга олон залуучуудын амьдралд бодит өөрчлөлт авчирна гэдэгт итгэлтэй байна гэсэн юм.
