Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Монгол эр хүн” үндэсний III чуулган Төрийн ордонд боллоо.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганыг нээж үг хэлэхдээ, монголчууд эрэгтэй хүүхдээ эр зориг, эрдэм билиг, холч ухаан, уужуу сэтгэлтэй, тэсвэр хатуужил, ёс жудаг, чин шударга, андгай тангарагтаа үнэнч байхыг сурган хүмүүжүүлж, төр улс, түмэн олондоо өмөг түшиг болсон ноён нуруутай эрсийг “монгол эр хүн” хэмээн өргөмжилж ирснийг тэмдэглэлээ.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Манай улсын нийт хүн амын 49 хувь нь эрэгтэйчүүд бөгөөд тэдний нийгэм, улс орны хөгжилд оруулах хувь нэмрийг бодлогоор дэмжих шаардлага байгааг онцлоод “Зарим үзүүлэлтээр эрэгтэйчүүдийн нас баралт өндөр, осол гэмтэл, архи согтууруулах ундааны хэт хэрэглээ, зүрх судасны өвчлөл зэрэг эрүүл мэндийн эрсдэл их, боловсролын түвшин зарим салбарт буурах хандлага ажиглагдаж байна. Иймээс төрөөс эрэгтэйчүүдэд чиглэсэн бодлого, үйл ажиллагааг илүү системтэй хэрэгжүүлж, зарим шинэлэг үйлчилгээг бий болгохыг зорьж байна” гэлээ.

Ерөнхийлөгчийн санаачилгаар 2026-2030 онд “Эх оронч монгол” үндэсний хөдөлгөөн өрнүүлэх болсон тухай Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба танилцууллаа.
Хөдөлгөөн нь хүүхэд, залуучуудад үндэсний язгуур ашиг сонирхол, монгол хүний эрхэмлэн дээдлэх үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлж, эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, ёс зүйтэй иргэнийг төлөвшүүлэх зорилготой юм.

Чуулганаар Хошууч генерал Х.Лхагвасүрэн “Монгол эр хүний талаарх уламжлалт ойлголт, үнэ цэн”, Тэргүүн зэргийн Чингис хаан одонт, академич С.Нарангэрэл “Монгол эр хүний есөн Эрдмийн тухай чингис хааны айлдвар” сэдвээр илтгэл тавьж, эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн талаар хэлэлцэж, эрэгтэйчүүдийн талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлоход хувь нэмэр оруулахад чиглэсэн хэлэлцүүлгүүд өрнүүлсэн юм.
“Монгол эр хүн” үндэсний III чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Батлан хамгаалах яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, “Эрүүл монгол хүн“ үндэсний хөдөлгөөн хамтран зохион байгуулсан юм.

