Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2026.03.17) Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, хамт боловсруулсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Х.Баасанжаргал, Д.Ганмаа, Г.Лувсанжамц нарын гишүүд өргөн мэдүүлэв.

Улсын Их Хурлын гишүүдийн хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг, тухайн хэлэлцэж байгаа асуудалтай шууд холбоотой үйл ажиллагааны үр дүнд өөрөө болон хамаарал бүхий этгээд нь орлого олж байгаа, эсхүл бусад хэлбэрээр ашиг сонирхлын зөрчилтэй тухай гишүүний мэдэгдлийг Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудаст зэрэг нийтэлж, иргэдийн мэдэх эрхийг хангаж байх нь парламентын үйл ажиллагааны ил тод байдлыг хангахад эерэг үр нөлөөтэй гэж төсөл санаачлагчид үзжээ.

Парламентад хэлэлцэж буй асуудлын талаар ашиг сонирхлын зөрчилтэй тохиолдолд санал хураалтад оролцохгүй байх замаар тухайн асуудлаарх байр сууриа илэрхийлдэг жишиг олон улсад түгээмэл байдаг аж. Иймд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудалтай шууд холбоотой үйл ажиллагааны үр дүнд өөрөө болон хамаарал бүхий этгээд нь орлого олж байгаа, эсхүл бусад хэлбэрээр ашиг сонирхлын зөрчилтэй бол энэ тухай хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдэж санал хураалтад оролцохгүй байх үүргээ биелүүлэхэд нь хуралдаан даргалагч гишүүний мэдэгдлийг албажуулах нь зүйтэй хэмээн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  боловсруулжээ. 

Хуулийн төсөл 4 зүйлтэй бөгөөд Улсын Их Хурлын гишүүдийн хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг Улсын Их Хурлын цахим хуудаст нээлттэй байршуулж, мэдээлэх, чуулганы хуралдааны өмнө болон хуралдааны явцад тодорхой хэлэлцэж буй асуудлын талаар ашиг сонирхлын зөрчилтэй гэдгээ мэдэгдсэн бол тухай бүр уг бүртгэлд оруулж, нийтэд нээлттэй мэдээлж байх зохицуулалтыг тусгасан байна. 

Мөн тухайн асуудлаар ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллахгүй байх, хамаарал бүхий этгээд нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл хэлэлцүүлэг, санал хураалтад оролцохоос татгалзах асуудлыг хуульчлах нь зүйтэй хэмээн холбогдох зохицуулалтыг төсөлд тусгажээ. 

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын парламентын ардчилсан, ил тод байдлыг хангах, гишүүдийг ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгах, Улсын Их Хурлын үйл ажиллагаа илүү боловсронгуй, хэлэлцүүлгийн горим ойлгомжтой, тодорхой болох ач холбогдолтой юм байна. Мөн хууль тогтоох үйл ажиллагаанд оролцох Улсын Их Хурлын гишүүдийн ирц, идэвх, оролцоо, сахилга, хариуцлага нэмэгдэж, ард түмний засаглах эрхийг бодитой хангахад эерэг нөлөө үзүүлнэ хэмээн төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.