Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал өнөөдөр /2026.03.18/ Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигураг хүлээн авч уулзлаа.
Монгол Улс олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай санаачилгад анх 2007 онд, Нээлттэй засаглалын түншлэлд 2013 онд тус тус нэгдэн орсон. Улмаар олборлох үйлдвэрлэлд мэдээллийн ил тод байдлыг ханган хэрэгжүүлэхээр олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө үүрэг амлалт авсныг Улсын Их Хурлын дарга ярианыхаа эхэнд тодотголоо.
Манай улс Транспэрэнси Интернэйшнл байгууллагаас гаргадаг Авлигын төсөөллийн индексийг ахиулах зорилт дэвшүүлж байгаа тул “Үндэсний баялгийн сан, олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай” бие даасан хуультай болох, хамаарах салбарыг тодорхойлох, мэдээллийн нэгдсэн сан үүсгэх, оролцогч талуудын эрх, үүрэг, хариуцлагыг нарийвчлан зохицуулах шаардлага үүссэн талаар дурдав. Улсын Их Хурлын гишүүн Б.Уянгаар ахлуулсан ажлын хэсгээс хуулийн төслийг боловсруулж, хаврын чуулганы хугацаанд өргөн мэдүүлэхэд бэлэн болсныг онцлон тэмдэглэв.
Хуулийн төсөл батлагдсанаар уул уурхайн компаниудын төлбөр тооцоо, гэрээ, тусгай зөвшөөрөл болон санхүүгийн мэдээллийг нээлттэй болгож, авлигын эрсдэлийг бууруулна гэдгийг Улсын Их Хурлын дарга тодотгож байв.
Хуулийн төсөлд зөвхөн уул уурхайтай холбоотой төдийгүй олон салбарын үйл ажиллагааг хамруулахаар тусгасан байна. Тодруулбал, эрдэс баялаг, ан амьтан, усны нөөц, ойн баялаг, байгалийн ургамлын нөөц, нийгмийн тэгш байдал зэрэг агуулгын хүрээнд олон нийтэд нээлттэй хэлэлцүүлж, саналыг авч байна. Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигура, Монгол Улс олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын хэрэгжилтийг сайн хангадаг улс орнуудын нэг болохыг сайшаан тэмдэглээд, салбарын үйл ажиллагаанд стандартыг хэвшүүлэх, үнэлгээний аргачлалыг нэвтрүүлэх талаар санал солилцов.
Тэрбээр ил тод байдлыг хангахад Монгол Улсын төр, засгийн түвшинд төдийгүй иргэний нийгмийн байгууллагууд хамтран ажиллаж, олон талт оролцоог хангаж байгаа нь чухал болохыг тэмдэглэлээ. Түүнчлэн хуулийн төслийг хэлэлцүүлэх үеэр холбогдох санал, зөвлөмжийн хүрээнд хамтран ажиллах, шаардлагатай дэмжлэгийг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ. Монгол Улс авлигын төсөөллийн индексээр урагшлахад энэхүү хууль чухал хувь нэмэртэйг тодотгоод, одоогоор байгалийн баялаг ихтэй дэлхийн 55 орон олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагад нэгдэн орсон хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

