
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн, Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү нар Бүгд Найрамдах Казахстан Улсын Худалдаа, интеграцын Тэргүүн дэд сайд Айжан Адиловна Бижановаг өнөөдөр /2026.03.18./ хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд дэд сайд С.Даваасүрэн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх чиглэлээр санал солилцож буйдаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Тэрбээр Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд зохион байгуулагдах бизнес форумд хоёр улсын хувийн хэвшлийн төлөөлөл өргөн бүрэлдэхүүнтэй оролцуулж, худалдаанд тулгарч буй саад бэрхшээлийг бууруулах, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ зах зээл болон нийлүүлэлтийн сувгийг нээх чиглэлээр бодит санал, санаачилга дэвшүүлэхээр төлөвлөж байгааг онцлон дурдлаа.

Түүнчлэн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд, тогтвортой өсөлтийг хангах зорилгоор авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг танилцуулсан юм. Үүний зэрэгцээ Евразийн эдийн засгийн холбоо болон түүний гишүүн орнуудтай байгуулсан чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх стратегийн ач холбогдолтой “гүүр” хэмээн үнэлж байгаагаа илэрхийллээ.

Тэргүүн дэд сайд Айжан Адиловна Бижанова Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улс Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудтай байгуулсан чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг цаг үеэ олсон, үр өгөөжтэй алхам хэмээн үнэлж байгаагаа хэллээ. Хэлэлцээрийн хүрээнд 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг харилцан татваргүй нийлүүлэх боломж бүрдэж буй нь хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх чухал хөшүүрэг болно гэдгийг онцоллоо.

Тэрбээр Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт тогтвортой, харьцангуй өндөр түвшинд хадгалагдаж буйг сайшааж, макро эдийн засгийн болон олон улсын санхүүгийн үзүүлэлтүүд эерэг байгааг тэмдэглэв.
Уулзалтын төгсгөлд талууд өндөр түвшний харилцан айлчлал, бизнесийн идэвхтэй оролцоо нь Монгол, Казахстаны эдийн засгийн хамтын ажиллагааг бодит агуулгаар баяжуулж, урт хугацаанд тогтвортой хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт санал нэгдэж буйгаа илэрхийллээ.
