Тус эмхэтгэлийг Улсын Бага Хурлаас эхлэн өнөөг хүртэл Тамгын газар эрхлэн гүйцэтгэж байна. Эмхэтгэлийн хамт олон 35 жилийн ойгоо тохиолдуулан Монгол Улсын 1990 онд нэгдэн орсон Хүүхдийн эрхийн тухай олон улсын конвенцыг харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан кирилл, брайл хос үсгээр нийтэлсэн тусгай дугаар гаргасныг Улсын Их Хурлын дарга Н.Учрал танилцуулж, баяр хүргэлээ.

Эмхэтгэлийн ойн хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газраас баримт бичиг, хууль, тогтоомжийн эмхэтгэл, сэтгүүлийн үзэсгэлэн гаргаж, “Төрийн мэдээлэл”-д зориулсан хүндэтгэлийн буланг Төрийн ордонд байгуулжээ. Мөн эмхэтгэлийг гардан эрхэлж байсан ахмад ажилтнууд, одоо ажиллаж буй залуу үеийн төлөөллийг хүлээн авч, талархал илэрхийлсэн юм. Талархал илэрхийлэх арга хэмжээг Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Г.Эрдэнэбат нээж, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, Хууль зүйн ухааны доктор (Ph.D), профессор Л.Өлзийсайханы мэндчилгээг уламжлав. Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга мэндчилгээндээ “Төрийн мэдээлэл” эмхэтгэл Монгол Улсад хуульт ёс, эрх зүйт нийгмийн тогтолцоог бүрэлдүүлэн бэхжүүлэх үйл хэргийн үндсэн эх сурвалж болсоор ирснийг онцолж, албан ёсны эх сурвалж тул энэхүү эмхэтгэл хууль, шүүхийн байгууллагынхны гарын авлага, ширээний ном болдгийг бахархан дурдсан юм.

“Төрийн мэдээлэл” сэтгүүлийг сар тутам гаргаж байхаар заасан БНМАУ-ын Бага Хурлын даргын 18 дугаар захирамж эдүгээгээс 35 жилийн тэртээ, 1991 оны энэ өдөр гарчээ. Анхны дугаараасаа эхлэн тус эмхэтгэл эдүгээ нийт 1406 дугаар гараад байгаа бөгөөд 2020 оноос хууль тогтоомжийг монгол, кирилл хос бичгээр хэвлэж байна. Энэ хугацаанд мөн Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцыг эмхэтгэсэн 15 тусгай дугаар гаргасан байна.

Талархал илэрхийлэх арга хэмжээнд Монгол Улсын Ардын багш, Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Баасансүрэн гуай, Монголын парламентын анхны хэвлэлийн төлөөлөгч, парламентад тасралтгүй 26 жил ажилласан, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Нэргүй, Тамгын газрын анхдагч Ч.Жаргалсайхан, Б.Одонжил, ахмад ажилтан Б.Янжинлхам, Л.Баярсайхан, Э.Эрдэнэчимэг, С.Итгэлт нарын зэрэг олон хүн уригдан оролцож, өөр өөрийн дурсамжийг хуваалцсан юм. “Хамгийн их ажил хийсэн” парламент гэгддэг 1992-1996 оны Улсын Их Хурал, чуулганы үйл ажиллагаа, ажлын ачаалал, хамт олны эвсэг, хөдөлмөрч арга барилын тухай Ардын багш Т.Баасансүрэн халуун дотно дурсамж ярив. Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар болон “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд ажиллаж байсан хүмүүсээс нэг Төрийн соёрхолт, нэг Ардын багш цолтон, таван гавьяат цолтон төрөн гарсныг Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Нэргүй энэ үеэр бахархан дурдлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.