“Монгол Улсад Уур Амьсгалын Өөрчлөлтийн ил тод байдлыг сайжруулах нь төсөл (CBIT-2)” төслийн Удирдах хорооны IV (2026.03.16) хурал боллоо.

Хуралд БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Бат-Өлзий болон Төслийн Удирдах Хорооны Бүрэлдэхүүн, төсөл хамтран хэрэгжүүлэгч талууд оролцов.

Хурлаар төслийн 2025 оны үйл ажиллагааны хэрэгжилтийн үр дүнг дүгнэж, 2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөг танилцуулж, баталлаа.

Парисын хэлэлцээрийн 13 дугаар зүйлд заасан ил тод байдлыг сайжруулах шаардлагуудыг хангахын тулд хөгжиж буй орнуудын институтийн болон техникийн чадавхыг бий болгох, бэхжүүлэх зорилгоор 2016 онд Даян дэлхийн байгаль орчны сан (ДДБОС)-гаас “Ил тод байдлын чадавхыг бэхжүүлэх санаачилга”-ыг үүсгэн байгуулсан. Энэ санаачилгын хүрээнд ДДБОСангийн дэмжлэгтэй Байгаль орчин, уур амьсгалын яам, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-тай хамтран “Парисын Хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН)-ийн зорилтын хэрэгжилтийг хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарт ил тод байдлаар тайлагнах, мониторингийн үндэсний чадавхыг бэхжүүлэх” төслийн 2 дугаар үе шат болох “Монгол улсад Уур амьсгалын өөрчлөлтийн ил тод байдлыг хангах нь” (CBIT-2) төслийг хэрэгжүүлж байна.

Screenshot

Төслийн хүрээнд Ил тод байдлын өргөжүүлсэн тогтолцооны үндэсний тайлангийн шаардлагыг хангах тогтолцоог бэхжүүлэх замаар Монгол Улсын ҮТХН-ийг хэрэгжүүлэх, цаашид шинэчлэхэд дэмжлэг үзүүлэх бөгөөд 2027 оны 4 сар хүртэл хэрэгжих юм. БОУАӨЯам нь ерөнхий чиг үүргээр хангах, НҮБ-ын ХХААБ төслийн үйл ажиллагаа, хэрэгжилт, үр дүнд хяналт тавих, техникийн талаас удирдан чиглүүлэх, УЦУОСМХ төслийн өдөр тутмын үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй хамтран ажиллаж байна.