Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын намын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны 3 дугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. Тэрбээр өнөөдөр (2026.03.23) Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн Жао Лөжи-тэй уулзаж, хэлэлцээ хийв.
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал МАН-ын даргын хувиар анхны гадаад айлчлалаа БНХАУ-аас эхэлж буйдаа таатай байгаагаа илэрхийлж, Байнгын хорооны дарга Жао Лөжи-гийн удирдаж буй БХАТИХ нь Хятадын байр суурийг дэлхийн түвшинд бэхжүүлэх, улс төрийн шинэчлэлүүдийг хийхэд чухал үүрэг гүйцэтгэж буйд баяр хүргэлээ.
Мөн тэрбээр БХАТИХ-ын 4 дүгээр чуулган амжилттай хуралдаж, “БНХАУ-ын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх ХV таван жилийн төлөвлөгөө”-г эцэслэн баталсанд баяр хүргэж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс БНХАУ-ын дарга Ши Жиньпинд мэндчилгээ дэвшүүлснийг уламжлаад, Монгол Улсад тааламжтай цагтаа айлчлахад нь хүлээн авахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Тэрбээр Монгол Улс “Нэг Хятад”-ын бодлогыг тууштай дэмждэгээ илэрхийлсэн юм.
Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд хоёр улсын эрх баригч нам болон хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаа, харилцан итгэлцэл чухал байр суурь эзэлдэг болохыг дурдаад, хоёр талын хууль тогтоох байгууллагын уламжлалт найрсаг харилцаа, харилцан айлчлал, солилцоо идэвхтэй өрнөж буйд баяртай байна хэмээв.
БХАТИХ-ын Байнгын хорооны дарга, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн Жао Лөжи Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралтай уулзаж буйд баяртай байгаагаа илэрхийлээд, ойрын хөрш Монгол Улстай сүүлийн жилүүдэд харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт идэвхтэй гүнзгийрэн хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа дурдав.
БНХАУ нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, ард түмний сонгосон хөгжлийн замыг хүндэтгэдэгээ мөн илэрхийлэв.
Тэрбээр хоёр улсын дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээ, уулзалтын давтамж нэмэгдэж, стратеги хөгжлийн зорилтоо харилцан уялдуулж, худалдаа, эдийн засгийн салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагаа улам тэлж байгааг тэмдэглээд, цаашид хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тогтвортой хөгжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллахаа онцлов.
Талууд хил дамнасан төмөр замын холболтын ажлыг эрчимжүүлэх, газрын тосны бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо.
Мөн хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хүрээнд хоёр талын мэргэжлийн Байнгын хороод, парламентын найрамдлын бүлгүүд болон нутгийн өөрөө удирдах байгууллагууд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцоог эрчимжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй газраас мэдээлэв.
Хуваалцах:

