
2025 оны тавдугаар сарын 9-ний шөнө Тайландын нийслэл Бангкок хотын Хлонг Тоэй дүүрэгт байрлах өндөр барилгын 17 давхраас Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд А.Төмөрийн гэргий, 41 настай Л.Орхон унаж, харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарчээ. Орон нутгийн цагдаагийн байгууллага 01:09 цагийн орчимд дуудлага хүлээн авч, хэргийн газарт очиход талийгаач дөрөвдүгээр давхрын террас дээр унасан байдалтай байсан бөгөөд эмнэлгийн баг ирэхэд амьсгал хураасан байжээ.
Цагдаагийн байгууллагын урьдчилсан мэдээллээр, талийгаачийг өндрөөс унах үед нөхөр нь хамт байсан бөгөөд хүч хэрэглэсэн шинж тэмдэг илрээгүй байна. Одоогоор хэргийн шалтгааныг тодруулахаар ажиглалтын камерын бичлэгүүдийг шалгаж, гэрчүүдээс мэдүүлэг авч эхэлсэн бөгөөд талийгаач сэтгэл санааны хямралд орсон байж болзошгүй гэж үзэж байгаа аж. Zindaa
Талийгаач Л.Орхон нь Тайланд улсад тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр магистрын зэрэг эзэмшиж, Монголын соёлыг олон улсад сурталчлах, хүүхдийн боловсролыг дэмжих чиглэлээр идэвхтэй ажилладаг нэгэн байсан юм. Тэрээр “Thai Silk Road to the World” зэрэг олон улсын арга хэмжээнд Монголын төлөөллийг зохион байгуулж оролцуулж байжээ.
Энэ хэрэг олон нийтийн анхаарлыг татаж, талийгаачийн ар гэрийнхэн болон олон нийт үнэн мөнийг тогтоохыг шаардаж байна. Цагдаагийн байгууллагаас уг хэргийг нарийвчлан шалгаж байгаа бөгөөд хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна.