МОНГОЛЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН VIII НААДМЫГ АЛБАН ЁСООР НЭЭЖ, ГАЛТ БАМБАРЫГ АСААЛАА

Улаанбаатар хотын 19 байршилд Монголын хүүхдийн спортын VIII наадам 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 06 дугаар сарын 06-ны өдрүүдэд үргэлжилнэ. Наадмын шигшээ шатанд 21 аймаг, 9 дүүргийн 6120 тамирчин 31 спортын төрлөөр 271 багц медалийн төлөө өрсөлдөж байна.

Наадмын нээлтийн ёслолд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Э.Билэгт, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Залуучуудын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Батдорж, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Монголын хүүхдийн спортын наймдугаар наадмын зохион байгуулах хорооны дарга О.Гэрэл тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.

Наадмын хүрээнд чөлөөт бөх, жүдо, байт харваа, буудлага, бадминтон, сагсан бөмбөг, волейбол, гимнастик, даам, ширээний теннис, шатар, сагсан бөмбөгийн 3х3, самбо, усан сэлэлт, таеквондо, дугуй, хөнгөн атлетик, хүндийн өргөлт, модон барилдаан, дуатлон, жюү жицү, бүжиг, хөлбөмбөг, бокс, пара бочи, пара хөнгөн атлетик, хонхот бөмбөг, диф сагсан бөмбөг /3х3/, диф даам, тусгай хөнгөн атлетик, тусгай хамтарсан хөлбөмбөг гэсэн спортын төрлүүдээр өрсөлдөж байна.


Наадмын урьдчилсан шатанд 30 багийн 9-17 насны 15000 гаруй тамирчин хамрагдсан байна.


Наадмын тугч:

  • Хан-Уул дүүргийн тамирчин, боксын өсвөр үеийнхний УАШТ-ий гурван удаагийн аварга, залуучуудын УАШТ-ий гурван алт, Олимпын гараа тэмцээний аварга, Хүүхдийн спортын VII наадмын аварга А.Амина
  • Сүхбаатар дүүргийн тамирчин, чөлөөт бөхийн лигийн тэмцээний мөнгө, 17 хүртэлх насны УАШТ-ий аварга, 20 хүртэлх насны УАШТ-ий хүрэл медальт Б.Баттогтох
  • Сэлэнгэ аймгийн тамирчин, сагсан бөмбөгийн Модун цом тэмцээний хүрэл, УАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Улаанбаатар цом тэмцээний мөнгөн медальт Б.Төгөлдөр
  • Орхон аймгийн тамирчин, Хүүхдийн өвлийн спортын наадмын мөнгө, тусгай бочигийн УАШТ-ий мөнгөн медальт, Азийн АШТ-ий мөнгөн медальт У.Отгонгэрэл нар залсан юм.

Тамирчны тангараг:

  • Баянзүрх дүүргийн тамирчин, шатрын сурагчдын ДАШТ-ий хошой хүрэл, өсвөрийн УАШТ-ий хошой аварга, мөнгө, хүрэл медальт, Н.Содгэрэлт
  • Дархан-Уул аймгийн тамирчин байт харвааны өсвөр, залуучуудын УАШТ-ий хүрэл медальт, Монголын хүүхдийн спортын VII наадмын хошой алт, нэг мөнгөн медальт, Олон улсын хүүхдийн спортын наадмын хошой аварга, нэг хүрэл медальт У.Нямбаяр нар тангараг өргөлөө.

Наадмын бамбар асаасан тамирчин:

  • Сэлэнгэ аймгийн тамирчин, буудлага спортын өсвөр үеийн УАШТ-ий мөнгөн медальт, 2024 оны залуучуудын УАШТ-ий хүрэл медальт, 2025 оны залуучуудын УАШТ-ий хошой алт, нэг хүрэл медальт, Залуучуудын УАШТ-ий дээд амжилтыг шинэчлэн тогтоогч, МХС-ын 7-р наадмын алт, мөнгөн медальт Я.Маргад,
  • Хан-Уул дүүргийн тамирчин, Монголын усан сэлэлтийн спортын хамгийн залуу ОУХМ, 2024 оны залуучуудын Ази АШТ-ий мөнгөн медальт, Малайз улсад болсон олон улсын тэмцээнээс дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан, усанд сэлэлтийн насанд хүрэгчдийн долоон дээд амжилтыг эзэмшигч, МХС-ын 7-р наадмаас хамгийн олон буюу 13 алтан медаль хүртсэн Э.Эрхэс

Эх сурвалж: Соёл, спор, аялал жуучилал залуучуудын яам