Боловсролын яамнаас Хүүхдийг Ивээх Сангийн санхүүжилтээр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсролын Ерөнхий газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар, аймаг, дүүргийн Засаг даргын тамгын газруудтай хамтран хэрэгжүүлэх “Суралцахад ээлтэй, хүртээмжтэй сургууль” төслийг өнөөдөр /2026.03.20/ албан ёсоор эхлүүллээ.

Энэхүү төсөл нь хүүхэд хамгааллын практикт туршигдсан сайн туршлага, нотолгоонд суурилсан арга зүй, хөтөлбөрүүдийг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлж, тогтвортой байдлыг хангах замаар хүүхэд бүр тэгш хүртээмжтэй, эрхийг нь дээдэлсэн орчинд суралцаж, хөгжих боломжийг нь нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм. Үүнд:

✅Сургуулийн түвшний хүүхэд хамгааллын механизм, ёс зүйн тогтолцоог бэхжүүлэх

✅Багш, ажилтнуудын болон хүүхдүүдийн чадавхыг нэмэгдүүлэх, ялангуяа үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, үр дүнтэй хариу өгөх чадварыг сайжруулах

✅Хүүхэд бүрд ээлтэй, сэтгэлзүйн аюулгүй орчин бүрдүүлэх

Төслийг Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүрэг болон Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын 18 сургуульд хэрэгжүүлж, 18000 сурагч, тэдний эцэг эх асран хамгаалагчид, 900 багш, хамтарсан багийн 144 гишүүн, дүүрэг орон нутгийн 48 мэргэжилтэн хамрагдах юм.