Нийгмийн шударга ёс, хүний эрхийн суурь зарчим болох Жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудлыг хууль зүйн салбарын хэмжээнд хэлэлцэж, хэн нэгнийг хүйсийн шинж чанараар ялгаварлахгүй байх, хүн бүрд тэгш боломж олгох зарчмыг үйл ажиллагааныхаа цөм болгох зорилгын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн салбарт шинээр томилогдон ажиллаж буй ажилтан, албан хаагчдад зориулсан “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, салбарын бодлогын хэрэгжилт, жендэрийн үндсэн ойлголт” сэдэвт сургалтыг өнөөдөр (2026.03.23) зохион байгууллаа.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар сургалтыг нээж хэлсэн үгэндээ, манай салбарын хувьд Жендэрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, салбарын бодлогод уялдуулан тусгах тал дээр манлайлан ажиллах үүрэгтэй. Манай салбарт ажиллаж буй албан хаагч бүр эрэгтэй, эмэгтэй гэлтгүй адил тэгш боломжоор хангагдаж, мэргэжлийн ур чадвараараа үнэлэгддэг соёлыг бид төлөвшүүлэх ёстой гэлээ.

Өнөөдрийн сургалтаар Жендэрийн үндсэн ойлголт, хэвшмэл үзлийн хор уршиг, Хуулийн хэрэгжилтийн явцад тулгарч буй асуудлууд, Салбарын бодлогод жендэрийн асуудлыг хэрхэн төлөвлөн хэрэгжүүлэх вэ зэрэг агуулгаар илтгэл хэлэлцүүлж, албан хаагчдад мэдээлэл өглөө.
Жендэрийн үндэсний хорооноос “Хайрлая, хандлагаа өөрчилье, хамтдаа үлгэрлэе” уриан дор “Харилцан хүндэтгэе” аяныг өрнүүлж байгаа бөгөөд тус аяны хүрээнд энэхүү сургалтыг Жендэрийн үндэсний хороо, Хууль зүй, дотоод хэргийн яамны Жендэрийн салбар зөвлөл, харьяа агентлаг байгууллагын Жендэрийн дэд зөвлөлүүд хамтран зохион байгуулав.


