Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар анхаарч, тэднийг дэмжих, ажил хөдөлмөрт хамруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран холбогдох арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлсээр ирсэн.

Энэ ажлын хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн талаарх хөтөлбөр, арга хэмжээг танилцуулах уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр /2026.04.02/ зохион байгууллаа.
Уулзалтаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, арга хэмжээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан болон сангийн зарцуулалтын талаар мэдээллэл өглөө. Мөн төрийн орон сууцыг зорилтот бүлгийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журмын талаарх мэдээллийг Төрийн орон сууцны корпораци ТӨХХК-ний Захиргаа, удирдлагын газрын дарга Ж.Энхбаатар болон холбогдох албаны хүмүүс танилцуулсан юм.

Энэхүү уулзалт нь мэдээлэл өгөхөөс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тулгамдсан асуудлыг сонсох, цаашлаад холбогдох хууль тогтоомж, дүрэм журамд өөрчлөлт оруулахад саналыг тусгах талаар судлан ажиллах зорилготой юм.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажил хөдөлмөр эрхэлснээр өрхийн болоод өөрийн орлого нэмэгдэхээс гадна тухайн иргэн бие дааж, халамжаас хөдөлмөрт шилжин эдийн засагт хувь нэмрээ оруулах ач холбогдолтой юм.


