МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТИЙН СТРАТЕГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНД ДЭЛХИЙН БАНКНААС ЗӨВЛӨМЖ ӨГНӨ

Эрчим хүчний сайд Б.Найдалаа Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн дэд бүтэц хариуцсан захирал Судешна Гош Банэрже, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Ли болон холбогдох бусад төлөөллийг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ.

Энэ үеэр Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн дэд бүтэц хариуцсан захирал Судешна Гош Банэржегийн зүгээс сүүлийн жилүүдэд Монгол Улстай эрчим хүчний салбарт идэвхтэй хамтран ажиллаж байгааг тэмдэглээд, эрчим хүчний реформ хийх, дэд бүтцийг нэмэгдүүлэх, системийг ухаалаг болгох зэрэгт хамтран ажиллах боломжийн талаар дурдаж, ойрын жилүүдэд баримтлах бодлогын талаар тодруулсан юм.

Сайд Б.Найдалаа Дэлхийн банк олон салбарт хамтран ажиллаж, түшиг болж ирсэнд талархал илэрхийлээд, “Өмнөх Засгийн газрын бодлого тогтвортой үргэлжилж байгаа. Мөн бид нэг бодлого, гурван зарчим баримтлан, есөн ажил хийхээр зорьж, заримыг нь хэдийн эхлүүлсэн. Монгол Улсын эрчим хүчний шилжилтийн стратегийг ойрын хугацаанд танилцуулахыг зорьж байна. Устөрөгчийн стратегийн төслийг бэлтгэж байгаа” хэмээн тодотгож, дээр дурдсан есөн ажлын талаар мэдээлэл өглөө. Үүнд хөрөнгө оруулалт татах, эрчим хүчний системийг ухаалаг болгох, тархмал эх үүсвэртэй болох, шинэ технологи нэвтрүүлэх, мэргэжилтнүүдийн чадавхыг сайжруулж, дадлагажуулах, дэд бүтцийг нэмэгдүүлэх, засаглалыг сайжруулах, хууль, эрх зүйн шинэчлэл зэрэг нь багтаж буй бөгөөд эдгээрт Дэлхийн банктай хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн таван аймагт нарны цахилгаан станц, батарей хуримтлуур барих сонгон шалгаруулалтыг анх удаа зарлахад оролцох хүсэлтээ 115 компаниас ирүүлсэн, гүйцэтгэгчийг ирэх долоодугаар сарын 1 гэхэд шалгаруулж, гэрээ байгуулахаар төлөвлөж байгааг тэмдэглэлээ. Эндээс хөрөнгө оруулагчдын сонирхол өндөр байгаа нь харагдаж буй агаад цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд бүтэц барихад анхаарах шаардлагатай, цаашид говийн бүс болон сумдыг эрчим хүчээр хангах төслийн сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлахаар төлөвлөж байгааг дурдав.

Үүнээс гадна цаашид зөвхөн дотоодын хэрэглээг хангах бус, эрчим хүч экспортлох амбиц Монгол Улсад бий, цахилгааны эх үүсвэрт тулгуурласан аж үйлдвэрийг хил дамнасан байдлаар хөгжүүлэх нь зөв гэж үзэж байгаагаа сайд тэмдэглэв. Тус банкны зүгээс Монгол Улсын эрчим хүчний шилжилтийн стратегийн төлөвлөгөөнд зөвлөмж өгөхөөр болсон юм. Мөн дижитал шилжилт, хүний нөөцийг чадавхжуулах зэрэгт анхаарахаа илэрхийлж, Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн зүгээс санал тавьсан бусад төсөлд санхүүжилт, техникийн туслалцаа үзүүлэх боломжийг эрэлхийлэхээ мэдэгдлээ.

Дэлхийн банк нь Монгол Улсын эрчим хүчний салбарт цахилгаан хангамжийн найдвартай байдал, дамжуулах сүлжээний хүчин чадал, сэргээгдэх эрчим хүчний интеграц, салбарын институцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж буй. Тус банкнаас өмнө нь хэрэгжүүлсэн “Эрчим хүчний төсөл-2” нь манай улсын цахилгаан хангамжийн найдвартай, тогтвортой байдлыг сайжруулахад чиглэсэн юм. Өдгөө “Эрчим хүчний төсөл-3” буюу “Багануур-Чойр чиглэлийн 220 кВ-ын ЦДАШ, дэд станц өргөтгөх төсөл”, “Эрчим хүчний төсөл-4” буюу “Мандалговь-Арвайхээр чиглэлийн 220 кВ-ын ЦДАШ, дэд станц барих төсөл”, “Эрчим хүчний төсөл-5” буюу “Улаанбаатар хотын цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний өргөтгөл, шинэчлэлийн төсөл”-ийг хамтран хэрэгжүүлж байна.