Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүллээ

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.06.04) нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын 67 гишүүн хүрэлцэн ирснээр 53.2 хувийн ирцтэйгээр 10.00 цагт эхэлж, есөн асуудал хэлэлцэхээр товлов.

Улсын Их Хурлын дарга хуралдааны эхэнд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг холбогдох Байнгын хороонд хуваарилсныг танилцуулсан. Тодруулбал, энэ оны 5 дугаар сарын 27-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн П.Мөнхтулгын өргөн мэдүүлсэн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороонд хуваарилжээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Хууль санаачлагч хэлэлцүүлгийн аль ч шатанд санаачилсан хуулийн төслөө татан авч болно” хэмээн заасан байдаг. Энэ дагуу Засгийн газраас 2025 оны 12 дугаар сарын 18 өдөр өргөн мэдүүлсэн “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг татан авч буйгаа мэдэгдсэн албан бичиг ирүүлснийг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт нэгдсэн хуралдаанд танилцууллаа. Хууль санаачлагчийн төслөө татан авах тухай албан бичгийг Улсын Их Хурлын дарга нэгдсэн хуралдаанд танилцуулснаар хууль санаачлагч хуулийн төслөө татан авсанд тооцдог.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар нарын 41 гишүүнээс 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хойшлуулах саналыг албан бичгээр Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс ирүүлснийг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт танилцуулав. Энэхүү горимын саналаар санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон 84 гишүүний 52.4 хувь нь дэмжив. Иймд дээрх хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хойшлуулахаар шийдвэрлэв.

Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг нарын 9 гишүүний 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг танилцуулав.

Байнгын хороо энэ сарын 02-ны өдрийн хуралдаанаараа төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан байна. Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1 дах заалтад заасны дагуу гүйцээн боловсруулах чиглэл өгсөн тул ажлын хэсгээс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар 1, хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаар 1 зарчмын зөрүүтэй саналыг гүйцээн боловсруулж, Байнгын хороогоор хэлэлцүүлсэн байна. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх саналуудыг дэмжжээ. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээ олонхын дэмжлэг авсан саналуудыг нэмж тусган төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн гэв.

Лхагва гарагийн 16.00 цагаас өмнө хуралдаан даргалагчид уг асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүдийн нэрсийг хүргүүлсний дагуу Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Ц.Туваан, П.Батчимэг, Г.Хосбаяр нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, мэдээлэл авлаа.

Хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ихэнхдээ зорчдог явган зорчигчийн замын аюулгүй байдлыг хангах шаардлагын талаар С.Эрдэнэбат гишүүн тодотгоод, нөгөө талдаа өндөр хэрэглээтэй цахилгаан скүүтерийн хөдөлгөөнийг хэрхэн зохицуулж байгааг тодруулсан. Төсөлд цахилгаан скүүтерийг “мопед”-той адилтгаж, унадаг дугуйн зам эсвэл авто замын зорчих хэсгийн баруун гар талын хөвөөгөөр замын хөдөлгөөний дүрмийн дагуу зорчихоор төсөлд тусгасан болохыг Г.Уянгахишиг гишүүн тайлбарлав. Харин унадаг дугуйн замгүй тохиолдолд явган хүний замаар зорчих, энэ тохиолдолд хурдаа 5-10 км/цаг хүртэл хязгаарлаж, явган зорчигчид саад болохгүйгээр зорчих үүрэг хүлээх юм байна. Үүний зэрэгцээ нягтрал, хөдөлгөөн ихтэй явган хүний замаар скүүтерээр зорчихыг хориглох зохицуулалтыг мөн тусгажээ. Тодруулбал, явган хүнд саад болохгүй нөхцөлд л явган хүний замаар скүүтерээр зорчихыг зөвшөөрөх юм байна.

Ц.Туваан гишүүн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтыг шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай гэдэг байр суурийг илэрхийллээ. Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн талаарх салбарын яамны бодлогыг тодруулж, хариулт авсан. Замын стандартууд батлагдсан байдаг хэдий ч тэдгээрийг мөрддөггүйд гол асуудал байгааг Г.Уянгахишиг гишүүн тайлбарлаад, стандартыг мөрдөх хугацаатай үүрэг өгөөд хяналт, хариуцлагыг хэрэгжүүлэх боломжтой гэдэг хариултыг өгсөн. Хурдны хязгаарын тухайд “Аливаа улс авто зам дээрх хурдны хязгаарыг тогтоохдоо замын хөдөлгөөнд оролцогчдын мэдлэг, хандлагын эрсдэлийн үнэлгээ; тээврийн хэрэгслин зөрөх үеийн аюулгүй байдлын нөхцөл буюу хажуугийн зай; мөргөлдөх үеийн аюулгүй хурд гэдэг гурван нөхцөлд үндэслэн тооцдог. 2019 онд Азийн хөгжлийн банкны судлаачид дээрх нөхцөлд үндэслээд орон нутгийн замд 70км/цагийн хурдтай явах нь тохиромжтой гэдэг тооцоолол, үнэлгээг гаргасан” гэдэг мэдээллийг Зам тээврийн яамны Замын хөдөлгөөний аюулгүй байдлын мэргэжилтэн А.Энхболд өгөөд, дэлгэрэнгүй тайлбар өгсөн. 10 км/ц-ийн хурдтай скүүтер явган хүнийг мөргөхөд 10 настай хүүхдийн үхэх магадлал 85 хувьтай бөгөөд хуулийн төслөөр явган хүний замаар скүүтерийг огт явуулахгүй байхаар хуульчлахаар тусгасныг тодотгож байсан.

П.Батчимэг гишүүн бичил цахилгаан тээврийн хэрэгсэл нь өдгөө иргэдийн чухал хэрэглээ болсон гэдгийг тодотгоод хааж, хориглохын оронд хөдөлгөөнд соёлтой, зөв оролцуулах дүрмийг тодорхой болгох байдлаар зохицуулах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж, холбогдох тайлбар, үндэслэлийг дэлгэрэнгүй хэлсэн. Хуулийн төсөл батлагдсаны дараа энэ төрлийн тээврийн хэрэгсэлд зориулсан зам, дэд бүтцийг сайжруулах төсвийг хуваарилж, холбогдох ага хэмжээг хэрэгжүүлэх, стандартыг мөрдүүлэх үүргийг холбогдох байгууллагууд хүлээх бөгөөд хуулийн хэрэгжилтийг хариуцлагатайгаар хянан шалгах болно гэдгээ хэлсэн. Г.Хосбаяр гишүүн энэ төрлийн тээврийн хэрэгслийн дэд бүтцийг бүтээн байгуулахтай холбоотой хөрөнгө оруулалтын төлөвлөлт, мөн скүүтер хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой зохицуулалт оновчтой эсэхийг тодруулж байв. Төсөл дэх зохицуулалт нь хэрэглэгчдэд нэлээд хязгаарлалт тогтоож, хэрэглэгчдийн хүрээг хумих агуулгатай болсон гэж үзэж буйгаа илэрхийлэв. Өнөөгийн нөхцөлд хамгийн тохиромжтой хувилбараар төсөлд холбогдох зохицуулалтуудыг тусгасан гэдгийг Г.Уянгахишиг гишүүн тайлбарлав. Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй хоёр саналаарх санал хураалтыг 16.00 цагт явуулахаар тогтоод дараагийн асуудлыг хэлэлцсэн юм.

“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Хууль зүйн байнгын хорооны холбогдох санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг танилцууллаа.

Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг нарын 9 гишүүний 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2026 оны 5 дугаар сарын 28, 29-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн.

Байнгын хороо энэ сарын 02-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсэгт заасны дагуу ажлын хэсгээс дараах санал, дүгнэлтийг боловсруулсан гэдгийг П.Сайнзориг гишүүн танилцууллаа.

Хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр холбогдох хууль тогтоомж, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм, мопед, түүний төрөлд хамаарах скүүтер болон тэдгээртэй адилтгах тээврийн хэрэгслийг бүртгэлжүүлэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож холбогдох журмыг шинэчлэн батлах асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй хэмээн үзжээ.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх, хэрэглээний зөв соёлыг төлөвшүүлэх чиглэлээр сургалт, мэдээллийн ажлыг зохион байгуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газар, мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид үүрэг болгох асуудлыг тусгасан байна.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.24 дэх хэсэгт заасны дагуу тогтоолын төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 52.6 хувь нь дэмжсэн болохыг санал, дүгнэлтэд дурджээ.

Төслийн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул холбогдох санал хураалтыг 16.00 цагт явуулахаар боллоо.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа нарын 13 гишүүнээс энэ оны 5 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Улсын Их Хурлын тогтоолын дээрх тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг 2026 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Төсвийн байнгын хороо энэ сарын 04-ний өдрийн хуралдаанаараа дээрх тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу явуулжээ. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт аваагүй гэв. Нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан дарлагчаас холбогдох зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахгүйгээр уг асуудлыг гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1 дэх заалтад заасныг баримтлан зарчмын зөрүүтэй 3 саналын томьёоллоор санал хураалт явуулжээ.

Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг тогтоолын төсөлд нэмж тусган, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ.

Өмнөх өдрийн 16.00 цагаас өмнө хуралдаан даргалагчид уг асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүдийн нэрсийг хүргүүлсний дагуу Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, С.Эрдэнэбат, Д.Рэгдэл, Ө.Шижир, Ц.Баатархүү, Р.Эрдэнэбүрэн нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, мэдээлэл авлаа.

Улсын төсвийн хөрөнгө оруулалт, санхүүжилтээр баригдаж буй барилга, байгууламжуудыг улсын комисс хүлээн авахгүй байгаа нь голлох шалтгааны нэг болдог гэдгийг холбогдох дүгнэлтүүдэд дурдсан байгааг хэрхэн шийдвэрлэх боломжтой талаар гишүүд тодруулж байв. Төсөл батлагдсаны дараа Засгийн газар царцсан, гацсан барилгуудын жагсаалтыг гаргаад, нэгбүрчлэн дүн шинжилгээ хийсний үндсэн дээр Улсын Их Хуралд холбогдох санал, дүгнэлтээ хүргүүлэх юм байна. Улмаар парламент холбогдох асуудлыг нээлттэй хэлэлцэж, аль төслийг үргэлжлүүлэх, аль төслийг өмчлөлийн өөр хувилбарт шилжүүлэх талаарх шийдвэрийг гаргах дараалалтай байгаа гэлээ. Барилгуудын хүртээмжийн асуудлыг анхаарч, холбогдох стандартуудыг мөрдөх асуудал нэн чухал гэдгийг гишүүд хэлж байв. Улсын төсвийн хөрөнгө оруулалттай төслийг хариуцлагагүй хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгжүүдийн жагсаалт гаргах, мөн барилгаа хүлээн авах комиссын бүрэлдэхүүнд орон нутгийн иргэд, барилга ашиглагчдын төлөөлөл оролцдог байх шаардлагын талаар, төсөвт өртөг нь огцом нэмэгддэг болон урт хугацаанд сунжирч байгаа барилга, бүтээн байгуулалтуудыг хянан шалгах, аливаа барилга, бүтээн байгуулалтын ТЭЗҮ-г хянан шалгадаг эсэх, сонгон шалгаруулалт хийдэг эрх зүйн суурь орчныг өөрчлөх зэрэг асуудлыг хөндөж, ажлын хэсгээс хариулт, мэдээлэл авсан юм.

Ийнхүү  “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулаад, зарчмын зөрүүтэй гурван саналаарх санал хураалтыг 16.00 цагт явуулахаар боллоо.

Засгийн газраас 2026 оны 3 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулав. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан төслийн талаар нэгдсэн хуралдаанд танилцууллаа.

Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн тогтвортой хөгжил, хүн амын удмын сан, иргэдийн амь нас, эрүүл мэндэд ноцтой аюул, заналхийлэл учруулж буй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх эрх зүйн зохицуулалтыг шинэ шатанд гаргах зорилгоор төслийг боловсруулсан байна.

Монгол Улс анх 2022 онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих эрх зүйн үндэс суурийг бүрдүүлж байжээ. Гэвч өнгөрсөн хугацаанд нийгэм, эдийн засаг, технологийн хөгжил, үндэстэн дамнасан, зохион байгуулалттай гэмт хэргийн арга хэлбэр эрс өөрчлөгдөж, хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, хууль бус эргэлт, тэдгээртэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийн гаралт тогтмол нэмэгдэж байгаа нь уг харилцааг зохицуулж буй эрх зүйн орчныг шинэчлэх зайлшгүй шаардлага үүссэн гэдгийг С.Амарсайхан сайд танилцуулав.

Улсын хэмжээнд 2017-2025 онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой 2100 гэмт хэрэг бүртгэгдэж, нийт 2422 хүн холбогдсон гэх тоо баримтыг төслийн танилцуулгад дурдлаа. Тэдгээрийн 86 гаруй хувийг 18-35 насны залуус эзэлж байгаа аж. Мөн хугацаанд 2018 зөрчил бүртгэгдэж, нийт 1976 хүн холбогдсон бөгөөд зөрчилд холбогдогчдын ихэнх нь залуус гэдгийг сайд тодотгож байв. 2025 онд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн тоо өмнөх онтой харьцуулахад гэмт хэрэг 20 гаруй хувь, зөрчил 26.6 хувиар тус тус өссөн нь энэ төрлийн гэмт хэргийн гаралт тогтмол өсөх хандлагатай байгааг илэрхийлж байгаа гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцуулсан.

Сүүлийн жилүүдэд мансууруулах бодисын төрөл, хэлбэр өөрчлөгдөж, ургамлын гаралтай бодисоос гадна синтетик мансууруулах бодис болон урвуулан хэрэглэдэг эм, бодисын хэрэглээ нэмэгдэх болсон бөгөөд 2017-2025 онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, эм, ахуйн хий зэрэг бодис хэрэглэсний улмаас 49 хүн нас барсан талаарх баримтыг дурдав. Мөн хугацаанд 17 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, урвуулан хэрэглэх эрсдэлтэй эм, бодис их хэмжээгээр хураагдсан бөгөөд тэдгээрийг хэрэглээний тунгаар тооцвол ойролцоогоор 510,579 хүн/тун болох аж.

Дээр дурдсан нөхцөл байдал, тулгамдсан асуудлыг харгалзан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, хууль бус эргэлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тогтолцоог боловсронгуй болгохоор төслийг боловсруулсан хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр төрөөс баримтлах бодлого, түүний зорилт, хэрэгжүүлэх үндсэн зарчмыг тодорхой болгож мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, нэгдмэл байдлыг хангах, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийт, ялангуяа хүүхэд, залуучуудад мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлийн талаар таниулах эрх зүйн орчныг боловсронгуй болгон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршгийн талаар олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх, мансуурах донтой хүнд олон улсын сайн жишигт нийцсэн эрүүл мэнд, сэтгэц-нийгмийн сэргээн засах, нийгэм хамгааллын тусламж, үйлчилгээ үзүүлэх, мансуурах донг эрт илрүүлэх, сайн дурын үндсэн дээр шинжилгээнд хамрагдах, эмчлүүлэх, эмчлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээ авах, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, гэмт хэрэг үйлдэгдсэн байдлыг судлан үзэж, гэмт этгээдэд хүлээлгэх хариуцлагыг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хэмжээ, үйлчлэл болон бусад объектив талыг харгалзан ялгамжтай тогтоож, ял шийтгэлийн бодлогыг Эрүүгийн хуульд заасан “шударга ёсны зарчим”-д нийцсэн ялгамжтай байх зэрэг зохицуулалтыг тусган хуулийн төслийг боловсруулжээ.

“Энэ төсөл нь монгол хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хүүхэд, залуучуудын эрүүл, аюулгүй орчинд өсөж хөгжих нөхцөлийг бүрдүүлэх, цаашлаад улс орны үндэсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн эрх зүйн чухал шинэчлэл юм” хэмээн С.Амарсайхан сайд тэмдэглээд, хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх төрийн бодлого илүү тодорхой, уялдаа холбоотой, үр нөлөөтэй хэрэгжих эрх зүйн үндэс бүрдэж, ирээдүй хойч үеэ хар тамхи, мансууруулах бодисын аюулаас хамгаалах баталгаа бүрдэнэ гэдгийг онцоллоо.

Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг Хууль зүйн байнгын хороо энэ сарын 02-ны өдрийн хуралдаанаараа явуулсан бөгөөд холбогдох санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нэгдсэн хуралдаанд танилцуулав. Хуулийн төслийн зардлын тооцоогоор хүний нөөцийн зардалд 454.743,795 төгрөг, байгууллагын үйл ажиллагааны бодит чадавх, техник, тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүн, дэд бүтцийн зардалд 8.113,657,200 төгрөг, шаардлагатай гэж хууль санаачлагч үзсэн бөгөөд хуулийн төслийг “d.parliament.mn” цахим системд байршуулж иргэд, олон нийтийн саналыг авч байгаа гэв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.11 дэх хэсэгт заасны дагуу тухай Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдээр санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 52.6 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.