Улс эх орны эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжил, иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад шууд нөлөөлөл үзүүлдэг салбар бол барилгын салбар юм. Тухайлбал 2025 оны жилийн эцсийн байдлаар барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл 11.7 их наяд төгрөгт хүрч, ДНБ-ийн 3.5 орчим хувийг бүрдүүлж, 100 мянга гаруй ажлын байрыг бий болгожээ.

Энэ онд түүхт 100 жилийн ойтойгоо золгож байгаа барилгын салбарын төлөөлөлтэй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уулзаж, төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш хийж хэрэгжүүлсэн ажил, гадаад харилцаа, улс орны нийгэм эдийн засгийн байдлын талаар танилцуулж, баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч нь Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг дэмжих зорилгоор “Ногоон нуур-1008” айлын орон сууцны төсөл болон “Солонго 1,2” орлогод нийцсэн орон сууцны 5002 айлын төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн бол Улаанбаатар хотын ус хангамжийг сайжруулах чиглэлээр Мянганы сорилтын хоёр дахь компакт гэрээг байгуулж, Улаанбаатар хотын ус хангамжийн баруун эх үүсвэр, ус гүн цэвэршүүлэх болон хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд, мөн БНХАУ-ын зээлээр Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг барих ажлуудыг эхлүүлж, энэ жилээс ашиглалтад орж эхлээд байна. Мөн хууль эрх зүйн томоохон шинэчлэлийг хийхээр зорьж байна. Энэ хүрээнд Барилгын тухай хууль /Шинэчилсэн найруулга/, Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/, Орон сууцжуулалтын тухай, Орон сууцжуулалтын төрөлжсөн банкны анхдагч хуулиудын төсөл бүхий барилгын салбарын багц хуулийн төслүүдийг боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэх гэж байгаа тухай Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан хэллээ.

Мөн энэ өдөр улс эх орны хөгжил цэцэглэлт, их бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулсан нэр бүхий эрхмүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медаль гардуулсан юм.


