МОНГОЛ, КИРГИЗ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ТУРШЛАГЫГ ХАРИЛЦАН СОЛИЛЦОХОД САНАЛ НЭГДЛЭЭ

Эрчим хүчний сайд Б.Найдалаа өнөөдөр (2026.06.15) Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Айбек Молдогазиевыг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Эрчим хүчний сайд Б.Найдалаа Монгол, Киргиз улс нь олон ижил талтайг дурдаад, тус орны эрчим хүчний системд нэвтрүүлж буй шийдлүүдийн талаар сонирхож байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн тэрбээр “Монгол Улсын эрчим хүчний салбарт өргөн хүрээний шинэчлэлийн бодлого хэрэгжүүлж байгаа. Тодруулбал, 139 буюу нэг бодлого, гурван зарчим баримтлан есөн гол ажил хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд Монгол Улсын эрчим хүчний шилжилтийн стратеги батална. Үүнд 2050 он хүртэл шинээр ямар эх үүсвэрүүд барих, хий, устөрөгч, сэргээгдэх эрчим хүч, биомасс, устөрөгч, аммиак зэргийг хэрхэн ашиглах талаар тусгасан. Цаашид Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний нөөцөө ашиглан эрчим хүч экспортлох, мөн ийм эх үүсвэртээ түшиглээд хүнд, хөнгөн үйлдвэр, дата төв байгуулахаар судалж байна. Бүс нутгийн улс орнууд энэ чиглэлд хамтран ажиллахыг сонирхож байгаагаа илэрхийлсэн” хэмээн тэмдэглэв.

Элчин сайд Айбек Молдогазиевын зүгээс Киргизийн талаас Монгол Улстай эрчим хүчний салбарт туршлага солилцох, хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Тэрбээр “Киргизийн эрчим хүчний системийн дийлэнх хувийг усан цахилгаан станц бүрдүүлдэг, энэ чиглэлээр ихээхэн туршлагатай. Манай улсын эрчим хүчний систем зун чадлын илүүдэлтэй, харин өвөл дутагдалтай байдаг тул хөрш орнуудаасаа цахилгаан импортолж нөхдөг. Одоо Дэлхийн банкны санхүүжилттэй, Киргиз болон Казахстан, Узбекистан улсын консорциум оролцсон “Камбаратинскийн усан станц”  төсөл хэрэгжүүлж байгаа. Үр дүнд нь Киргиз улс цахилгаан эрчим хүчний дутагдлаа нөхөж, экспортлох юм” гэж дурдлаа.

Мөн тэрбээр Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний салбарт (нар, салхи) хөрөнгө оруулалт татаж, хөгжүүлж ирсэн ихээхэн туршлагатайг онцлоод, Киргиз улс нь сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах зорилгоор Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульдаа өөрчлөлт оруулсан талаараа хэлж байлаа. Ингэснээр сонгон шалгаруулалт зарлах боломж бүрдсэн байна. Энэ талаар Элчин сайд Айбек Молдогазиев “Манай улсад одоогоор хараахан өрсөлдөөнт сонгон шалгаруулалт зарлаагүй байгаа. Монгол Улс таван аймагт эх үүсвэр барих сонгон шалгаруулалт зарлаад, энэ долоо хоногт гүйцэтгэгчийг шалгаруулах гэж байгаа талаар дурдлаа. Энэ нь та бүхэн бидний өмнө алхаж, туршлага хуримтлуулж буйг харуулж байна. Цаашид хамтран ажиллах, туршлага солилцох чиглэлээ тодорхойлж хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байна” хэмээн тодотголоо.

Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн зүгээс цаашид эрчим хүчний салбарт хамтран ажиллах, туршлага солилцоход нээлттэйг илэрхийлээд, ойрын хугацаанд хэд хэдэн сонгон шалгаруулалт зарлахаар төлөвлөж байгааг хэлэв.

Дээр дурдсанчлан, Киргиз улс нь Төв Азийн бүс нутагт усан эрчим хүчний нөөцөөрөө тэргүүлэгчдийн нэг. Цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлийн ихэнх хувь нь усан цахилгаан станцад ногддог юм. Тодруулбал, эрчим хүчний суурилагдсан хүчин чадал нь дөрөв орчим ГВт бөгөөд үүний 75 гаруй хувийг усан цахилгаан станцууд эзэлдэг. Мөн том оврын усан цахилгаан станцын төлөвлөлт, зураг төсөл, ашиглалт, усан сангийн менежментийн чиглэлээр ихээхэн туршлагатай. Монгол Улс Эгийн гол, Байдраг, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж буй энэ үед Киргизийн туршлагыг судлах нь ач холбогдолтой юм.