Завхан аймгийн Отгон, Алдархаан сумын нутагт орших Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн их тахилга 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдөр боллоо. Тахилгад Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийг төлөөлөн оролцлоо.

Тахилгын ёслолын өмнөх орой аймгийн хийдийн лам нар Итгэл, Ганданлажаа, Өлзийхутаг буулгах сан болон Долоон бурхан од тус бүрт тахилгын ном хурлаа. Дараа нь туульч “Аргиль цагаан өвгөн” тууль хайллаа.
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тайх ёслол эхлэх үед “Ганжуур” их хөлгөн судар, Найман тахилыг тусгайлан залж, лам хуврагууд Ламчодов, Жигжид, Очирваань, Юлтий зэрэг ном хурлаа.

Тахилгын өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын цэргүүдээр хамгаалуулан тусгайлан зассан талбайд хүрэлцэн ирлээ.
Дараа нь Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Умарын элч сүлд, Завхан аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ залж байрлууллаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:
“Монголчууд эцэг тэнгэр, эх дэлхийгээ хүндлэн дээдэлж, уул ус, ургамал амьтдыг нь хайрлан хамгаалж, эзэн шүтээнд нь сүслэн залбирч, уул овоогоо тахиж ирсэн эртний сайхан уламжлалтай ард түмэн билээ.
Мянга мянган жилийн түүхтэй уул овооны төрийн тахилга бол эх дэлхий, элгэн нутгаа хайрлан хамгаалах үзэл санаа, үүрэг, хариуцлага бөгөөд улсын үндэс болсон газар нутгаа тамгалан тогтоож, өв соёл, үүх түүх, зан заншлаа ирээдүй хойчдоо өвлүүлэн уламжлуулах өргөн агуулга, өндөр ач холбогдолтой их ёслол юм.
Цаст цагаан Этүгэн уул, оройн чимэг Отгонтэнгэр хайрхан нь Хүннү гүрний үеэс тайж тахиж ирсэн Монгол түмний их шүтээн уул билээ.


