Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтын бүртгэл, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, төрийн байгууллагуудын мэдээлэл, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, бүртгэлийн үед шаардагдах баримт бичгийг бүрдүүлэхэд иргэдийн зарцуулдаг хугацаа, зардлыг бууруулах асуудлаар Төрийн албаны зөвлөл, Эрүүл мэндийн яам, Батлан хамгаалах яамны төлөөллүүд хамтарсан уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр, Төрийн албаны зөвлөлийн Эрүүл мэндийн яамны дэргэдэх салбар зөвлөлийн дарга Ц.Батбаатар, Батлан хамгаалах яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга М.Батхуяг болон холбогдох албан тушаалтнууд оролцов.
Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Төгсцэнгэл төрийн жинхэнэ албаны 2026 оны II улирлын ерөнхий шалгалтын бүртгэлийн явцад тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх боломж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулж, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо.Мөн Төрийн албаны зөвлөлөөс өмнө нь Эрүүл мэндийн сайдад төрийн алба эрхлэхэд нөлөөлөх сэтгэцийн өвчин, эмгэгийн жагсаалтыг гаргах, шалгалтад бүртгүүлэгчдийн сэтгэцийн эрүүл мэндийн дүгнэлт гаргах үйл ажиллагааг боловсронгуй болгох, төрийн жинхэнэ албан хаагчдын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх асуудлыг уламжилсан талаар мэдээлэл өглөө. Эрүүл мэндийн яамнаас дээрх асуудлыг шийдвэрлэх чиглэлээр мэргэжлийн баг байгуулан ажиллаж байгаагаа мэдэгдэж, холбогдох асуудлыг богино хугацаанд шийдвэрлэхэд хамтран ажиллахаа илэрхийлэв..jpg)
Түүнчлэн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Б.Ууганцэцэг байгууллагын үйл ажиллагаа, өнөөгийн нөхцөл байдал болон цаашдын төлөвлөгөөний талаар мэдээлэл өгч, оролцогчдын асуултад хариулсан бол Батлан хамгаалах яамны зөвлөх Г.Энхболд цэргийн алба болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар танилцууллаа..jpg)
Уулзалтын үр дүнд Цэргийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2-т заасан үндэслэлээр цэргийн албанаас чөлөөлөгдсөн болон түр чөлөөлөгдсөн иргэд шалгалтын цахим системд нотлох баримтаа бүрэн ирүүлсэн тохиолдолд Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг шаардлагыг хангасанд тооцохоор болов. Мөн 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш мэргэжлийн байгууллагаас олгосон сэтгэцийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн дүгнэлтийг 2026 оны III улирлын төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтад хүчинтэйд тооцохоор шийдвэрлэлээ.

